1456877454-68-orghh

ETERNAL DREAM [First part]

.:::.Мөрөөдлөөр амьдарсан нэгэн.:::.

2012.02.21

Өвлийн дунд сарын хорин нэг дэхь өдөр. Хавар ирж өвөл буцах цаг атал салхи үлээж, цас хаялсан хүйтэн шөнө байлаа. Тэр шөнө би гудамжинд ганцаар тэнгэр өөд ширтэн зогсож байв. Амьсгалаа агаарт үлдээгээд салхинд хийсэхийг нь харсаар хүйтнийг ч ажирсангүй. Цаг орой болж хөл хөдөлгөөн эрс буурчээ. Замаар давхих машинууд цөөрсөөр миний хүлээх автобусны бараа нь ч харагдсангүй. Би байн байн зэргэлдээх уулзвар луу ширтэнэ. Гэрэл солигдох тоолонд ямар нэг автобус ирэх ч хүлээсэн чиглэл биш байлаа. Яг гучин есөн минут хүлээсний эцэст автобус ирлээ. Би суухдаа жолооч руу нь муухай хараад маш аяархан “Ямар удаж ирдэг юм” гэлээ. Тэр юу ч сонссонгүй. Өдөр болгон би энэ чиглэлийн бүх жолоочид ингэж хэлдэг. Хүлээгээд сурчихсан хэрнээ л өөрийн эрхгүй ингэж уцаарладаг юм. Автобус урьд өмнөхөөсөө хүн цөөтэй, ихэнх суудал нь эзэнгүй байв. Би хамгийн арын эгнээнд  уначихгүйхэн шиг хүрж очоод, цонхны дэргэдэх сандал дээр суулаа. Харанхуйг хуурсан тод гэрэл цантсан цонх нь дээр ойхыг үзээд би инээмсэглэв. Ямар ч хот шөнө сайхан харагдах юм. Жолооч буудал болгоныг алгасалгүй зогсоход хүмүүс цувран буусаар автобусанд надаас гадна хоёрхон хүн үлджээ. Хамгийн урд суух эмэгтэй банкны ажилтан эсвэл аль нэг компаний санхүүгийн албанд ажилдаг байх. Эмх цэгцтэй хувцаслалт, хүнд цүнх, гартаа барьсан олон бичиг цаас, нүднийх нь дор сүүмийх хар сүүдэр тэрнийг ийм мэргэжилтэй гэж байв. Үргэлж тоо, тооцоо бодсоор тэр бүр ядарч, олон хүн дамжсан суудлыг гололгүй зүйрмэглэсээр буух буудлаа өнгөрөөлөө. Харин надаас хоёр сандалын цаана суух эрэгтэй ажилгүй, гэртээ ээж аавтайгаа амьдардаг эрх жаал эсвэл увайгүй баян айлын зөрүүд өв залгамжлагч гэрээсээ дайжаад хамгийн эхэнд таарсан автобусандаа суугаад ийн тэнүүчилж яваа. Би өөрийхөө баталгаагүй төсөөлөлд инээлээ. Би хэнийг ч өмнө ингэж дүгнэж байсангүй. Тэтгэвэрт гарсан хөгшинийг хүртэл тусламжийн ажилдаа яарч яваа гэж боддог. Энэ бүх дүгнэлтүүд тэдний гаднах байдал, харилцаа, харцаар тогтоогддог. Харин түүний ийм хэнэггүй, хаашаа ч үл яарсан, ширүүн царай надад хэрэггүй амьтан мэт тусч байлаа. Миний энэ ажиглалт түүнд таалагдсангүй.  Хүрэмнийхээ юүдэнг өмсөөд над руу нуруугаа харуулан суув. Буух буудал минь ирэхэд түүнийг шоолон инээсээр автобуснаас буулаа. Намайг орхин одох автобусны цонх руу харахад тэр дээрээс минь ширтэж байв. Баяртай хэрэггүй амьтан минь.

2012.02.22

Салхи өөдөөс хүчтэй үлээхэд би малгайндаа шигдэн зогслоо. Хажууд найзын минь инээх дуу гарна. Үргэлж салхи бидний өөдөөс үлээдэг. Би ч түүнийг даган инээлээ. Даарч байгаа хэрнээ л бид салхийг тоолгүй инээж байв. Учир нь салхи биднийг үнсч байгаа юм.

-Эра автобус!

Би: ойлголоо. Баяртай маргааш уулзацгаая.

Юүдэнгээ тайлаад өрвийсөн үсээ янзалсаар автобусанд ороход маш их хүн өөдөөс угтав. Надад багтаж шингэх зай үнэндээ байсангүй. Би айсандаа буцаад буух гэлээ. Гэсэн ч хаалга хэдийн хаагдаж, автобус замдаа гарчээ. Энэ удаа би амандаа “Ямар их хүнтэй юм” гэж үглэлээ. Шахцалдсан олон хүмүүсийг тоолгүй би танил арын суудал руугаа зүглэсээр арай хийн хүрэв. Зарим нь харааж, зарим нь намайг өрөвдөж байлаа. Гэтэл өнөөх үл бүтэх эрэгтэй өчигдөрхөн миний сууж байсан сандалыг эзлэн суухыг хараад таньдаг хүнтэйгээ таарсан мэт санагдав. Тэр шахцалдах хүмүүсийг гайхан харж байснаа харц нь над дээр тогтлоо. Тэр намайг таньжээ. Би өөдөөс нь харсан ч харцаа салгасангүй. Өнөөх л үл тоосон, уйтгартай хоосон царай хэвээр байв. Би буун буутлаа түүний цоргисон харцанд дальдчин явлаа.

2012.02.23

Тэр өнөөх л суудалдаа суусан ч өчигдөрийх шигээ намайг ширтсэнгүй. Автобус харьцангүй хүн багатай байсан ч бүх суудлууд эзнээ олжээ. Хөл чилж, цүнхэндээ дарагдаж эхлэхэд түүний хажуугийн суудал суларч надад зай гарсан юм. Би юм бодолгүй түүний хажууд суулаа. Өнөөдөр гадаа урьд өмнөхөөсөө ч хүйтэн, өчигдөр шөнө орсон цас өдрийг хүртэл үргэлжлэн орсон тул зам түгжрэл ихтэй байв. Радиогоор эгшиглэх намуухан ая, удаанаар урагшлах дугуйнууд намайг бүүвэйлсээр би зүйрмэглэчихжээ. Зүүднээс минь тэрний итгэлгүй хоолой сэрээхэд би нойрмоглосон нүдээрээ түүн рүү харав. Гүн нойронд автсан би түүний мөрийг дэрлэж, цүнхээ өвөр дээр нь тавьсан байлаа. 

-Сэрээрэй

Би: айн?

-Буух буудал чинь болчихлоо

Би: ойлголоо

-Чи буух хэрэгтэй байх

Би: уучлаарай

Би нүдээ нухан нойроо сэргээгээд цонх руу харлаа. Тэр зөв хэлжээ. Би түүнээс дахин уучлал гуйгаад гүйхээрээ автобуснаас буув. Дахиад л цонх руу харлаа. Тэр ч бас өмнөх шигээ ард нь хоцрох над руу ширтсэн юм.

Автобусанд найман хоног дараалж тэр эрэгтэйтэй тааралдсан. Нэг л мэдэхэд зүс таних тэр эрийг би автобусанд суух тоолондоо хайдаг болчихсон байлаа. Дотны минь танил шиг санагдах түүнийг хараад өөрийн эрхгүй баярлана. Найм дахь хоног дээр тэр надтай хамт автобуснаас буусан юм. Яагаад ч юм намайг дагаад байх шиг санагдсан ч түүнийг хориглосонгүй. Би түүнд мэдэгдэлгүйгээр мөрөө дагуулан арагш харахад тэр над руу  харж байлаа. Түүнээс болгоомжлох сэдэл төрөхөд алхаа түргэсч, миний эргэж харах нь олширч байв. Харин тэр намайг шоолон инээж байх шиг. Тэр араас минь салгалгүй дагасаар байлаа. Сүүлдээ энэ хөөцөлдөөнөөс залхаж би  огцом эргэж харав. Харин тэр ингэнэ гэж санаагүй бололтой намайг мөргөх шахам тулан зогслоо.

Би: яагаад дагаад байгаа юм?

-Дагаагүй

Би: тэгвэл түрүүлээд яв

-Үгүй. Чи намайг дагаад эхлэвэл би яах юм?

Би: хаашаа явж байгаа билээ өөрөө ?

-Уучлаарай энэ чамд хамаагүй

Би: худалч. Чи энэ буудал дээр буудаггүй

-Тиймээ. Гэхдээ…

Би: чамд юу хэрэгтэй юм?

-Мэдэхгүй. Би санаандгүй л

Би: санаандгүй….?

-Чамайг дагаад буучихаж

Би: айн?

-Би өөрөө ч мэдсэнгүй.

2012.04.01

Тэрнээс хааяахан нэг хоёр зурвас ирдэг байлаа. Харин орой бүр тэр над руу залгадаг байсан юм. Эхэндээ хэн хэн нь юу ч ярилгүй, түгдэрч, гацаж эсвэл огт хамааралгүй цаг агаарын талаарх сэдвийг хөнддөг байв. Хугацаа өнгөрөх тусам бид өөрсдийхөө тухай, юунд дуртай юунд дургүй, өдрийг хэрхэн өнгөрөөсөн, автобусанд тааралдсан үл таних хүн нь үнэндээ хэн болох талаар ярьдаг боллоо.

Бугом: би уснаасаа гарсан загас хөдлөж байгааг харах дургүй

Би: муур өөрийгөө долоож байгааг харахаар дотор муухай оргидог

Бугом: хажууд нь хүн байсаар байхад тоохгүй үнсэлцдэг хосуудад дургүй

Би: хайраа илчлэх мөчийг  би үзэн яддаг

Бугом: яагаад?

Би: хэтэрхий түгшмээр

Бугом: түгших муу гэж үү?

Би: тиймээ!

Бугом: би зайрмаганд дуртай.

Би: би шоколаданд дуртай. Бас маш их банана. Бас мах, зөндөө мах. Бас…

Бугом: одоо болноо!!!

Гэсэн ч тэр нэг хачирхалтай найм дахь өдрөөс хойш би түүнтэй уулзаагүй билээ. Энэ хугацаанд уйтгартай, үгээр илэрхийлэхийн аргагүй хоосон, түүний царайг бараг мартаад эхлэчихсэн байв. Гэтэл сарын дараа түүнээс “Завтай бол гэрийхээ үүдэнд гучин минутын дараа гараад ир” гэсэн зурвас ирж намайг гайхшруулав. Орондоо ном уншиж хэвтсэн би байдгаараа сандарч, үс, нүүрээ янзалж, ээж аавдаа хэлэх шалтагаа олох гэж хичээсээр түүний өгсөн гучин минут дуусчихлаа. Ээж аавын томоотой сайн охин шөнө оройн цагаар гарах болсонд тэд гайхсан ч дургүйцсэнгүй. Би сандарсаар гэрээсээ гарахад бүүдгэр гудамжинд гэрэлтэх ганц гэрлийн шонгийн дор тэр намайг хүлээж байлаа. Гадаа зөөлөн бороо нэг нэг дуслаар шивэрч, түүнийг багахан норгоод амжжээ.

-Гараад ирлээ.

Би: тиймээ

-Пак Бугом гээд гараа сунгахад нь Чуэ Эра гээд гарнаас нь атгалаа. Тэр харин өөдөөс бүрхэг өдрийг гэрэлтүүлэм сайхан инээмсэглэв. Бид зүсрэн орох борооноос хорогдох газар хайсаар байшингийн арын саравчинд суулаа. Тэр өнөөдөр нэг л өөр санагдав. Магадгүй тэр өнөөдөр илүү их инээж байгаа байх. Бид дахиад л чимээгүйхэн нэг нэгнийхээ нүд рүү ч ширтэж чадалгүй доошоо харсаар байлаа. Би түүний ярихыг хүлээж байхад тэр намайг хүлээж байх шиг. Хэсэг хором чимээгүй суусны эцэст тэр нэг ам нээн  “Намайг дуудахад юу хийж байсан юм?” гэлээ.

Би: ном уншиж байсан. Харин чи яагаад гэнэт дуудав?

Бугом: энэ хавиар өнгөрч явсан юм.

Би: аан

Бугом: ямар ном уншиж байсан юм?

Би: Цагаан соёот

Бугом: цус сорогч уу?

Би: үгүй ээ. Яагаад заавал цус сорогч гэж?. Би гайхахдаа тэрний өөдөөс хараад инээлээ.

Бугом: цагаан, соёо. Түүнийг энэ хоёр үгийг салгаж хэлэхэд хөгжилтэй, бас үнэхээрийн тэнэг сонсогдож  дахиад л би шоолонгуй инээлээ.

Бугом: яасан бэ?

Би: чоно нохойны эрлийз. Түүнээс биш ямар ч цус сорогч эсвэл гялалздаг цагаан арьсны талаар гардаггүй 

Бугом: аан

2012.04.04

“Гараад ирж чадах уу?”

Гурван хоногийн дараа дахин түүнээс ийм зурвас ирсэн. Сүүлийн уулзалтаас хойш би түүнийг бодохоор инээж, хацар улайгаад байхыг мэдрэх болсон. Харин энэ мэдрэмжээ ямар учиртайг хэлж мэдэхгүй нь. Санаа зовж байлаа. Дахиад л эцэг эхээсээ зөвшөөрөл асуух нь. Гэсэн ч тэд миний энэ байдлыг ойлгон гарахыг минь зөвшөөрөв. Бид өмнөх шигээ л саравчинд чимээгүйхэн суулаа. Сүүлийн удаа тэр эхэлсэн болохоор би энэ удаа зориг гарган үг хэлэв.

Би: яагаад намайг дуудсан юм?

Бугом: энүүгээр зөрж өнгөрөөд

Би: аан

Бугом: номоо дууссан уу?

Би: үгүй ээ.

Бугом: чи үсэглэж уншдаг юм уу?

Би: үгүй

Бугом: Би ном уншихаараа орхиж чаддаггүй юм. Номоо уншаагүй хоромд өөр нэг амьдрал тэнд зогсчихсон мэт санагддаг

Би: хөөх тийм юм байна. Харин би ном дуусгах дургүй. Ямар ч номны сүүлийнх нь хуудсыг уншилгүй үлдээчихдэг. Тэгээд тэр ном хэзээ ч дуусахгүй.

Бугом: Тэгвэл унших хэрэг байгаа юм уу?

Би: Ном дуусахгүйтэй адил тэр амьдрал надаас салахгүй. Би төгсгөлийг үзэн яддаг.

Бугом: ямар сонин хүн бэ?

Би: энэ харин юун үл бүтэх царай вэ!

2012.04.05

“Гараад ир”

Би саравчинд очиход тэрний үл бүтэх хачин царай уйдсан байртай харагдав.

Би: Сайн уу?

Бугом: Сайн. Би харин энүүгээр зөрж өнгөрөөд….

Би: аан

Бугом: ямар нэг зүйл болоо юу?

Би: үгүй. Харин тэрэнд л ямар нэг зүйл тохиолдсон мэт харагдав. Би асуух гэсэн ч хариулахгүй байх гээд болилоо. Тэр өнөөдөр нэг л биш урьд өмнөхөөсөө ч нойрмог санагдана. Тэр чимээгүй гараа оролдон сууж байсанаа гэнэт ганцаараа инээгээд эхлэлээ. Түүний энэ солиотой үйлдэлд цочирдон би хажуунаас нь холдоход тэр арай хийн инээхээ болив.

Бугом: Би өнөөдөр тайлбар толь бичигээс үл бүтэх хүн гэж хайж үзсэн

Би: тэгээд?

Бугом: Ижил утгатай үгнүүд нь юу байсан гээч?

Би: за

Бугом:  итгэл алдах хүн, хэрхэвч болохгүй, буруу замын хүн, этгээд

Би: хөөх яг чи байна гээч. Этгээд гэж юу гэсэн үг юм? гэхэд тэр над руу хачин харсанаа хоосон зүг рүү гараараа дохьсоноо “Хөөе тэр муу этгээд зогс!!!! Хулгайлсан юмаа буцааж өг!!!” гэх нь тэр. Би учрын ойлгосонгүй.

Бугом: нэг иймэрхүү үед хэрэглэдэг үг хаха

Би: хахахаха аан аан ойлголоо. Чи үл бүтэх хүн яах аргагүй мөн юм байна.

Бугом: үгүй ээ

Би: тийм ээ

2012.04.07

Уйтгарт бороо цонх нүдсээр намайг  гуниглуулах гэхээсээ илүү нойрмоглуулж байлаа. Энэ тайван чимээгүй орчинд  юу ч бодолгүй унтмаар байсан ч тэр дуудаж магадгүй учир зүгээр л унтчихаж чадсангүй. Утасаа дугарахыг хүлээн дулаан хөнжилдөө хэвтэхэд нэг л зовиуртай түгшмээр санагдав. Яг нүд анилдаж, орчноос хөндийрөхийн даваан дээр түүнээс зурвас ирлээ.

“Гараад ир.”

Өнөөдрийн бороо өмнөх өдрүүдийхээс ширүүн байсан тул зузаан цамц давхарлаж өмсөөд борооны цуваа нөмрөн гарлаа. Тэр ч бас цув өмсчээ. Цувныхаа малгайнд дарагдан суух тэрнийг хараад инээхгүй байж чадсангүй.

Би: бас л өнгөрч яваад намайг дуудсан уу?

Бугом: тиймээ. Сайн уу?

Би: Сайн. Гэхдээ бас муу

Бугом: яагаад?

Би: Бороо!

Бугом: Бороо яасан гэж?

Би: Би дургүй!!!

Бугом: Бас л сонин хүн шиг аашлаад эхлэлээ.

Би: Охид яагаад ийм хүйтэн нойтон зүйлд дуртай байдаг байнаа

Бугом: учир нь охид гуниглах дуртай

Би: Би даарах дургүй

Бугом: Урьд нь бороо ороход чи зүгээр л байсан даа

Би: Тэр үед ширүүн бороо байгаагүй. Би шиврээ бороонд дуртай

Бугом:  ЧИ ЁСТОЙ СОНИН ХҮН!!!!!! чи бороонд дургүй гэсэн. Тэгсэнээ шиврээ бороонд дуртай гэх юм.

Би: Хүмүүсийг үзэн яддаг ч хүүхдэд хайртай байдаг шиг л

Бугом: Нохой аймар ч гөлөг хөөрхөн гэдэг шиг үү?

Би: өндгөнд дургүй ч тахиа амттай гэдэг шиг

Бугом: Эрэгтэйчүүдээс зайгаа барьдаг ч хайрыг хүсдэг шиг үү?

Би: Ганцаараа байхыг хүсдэг ч ганцаардах дургүй шиг

Бугом. аан аан. Бид өөд өөдөөсөө харан чангаар инээлээ.

2012.04.09

Өнөөдөр түүний нүд нь гэрэлтэж хуучны хөлдүү хоосон төрх нь бүрэн арилсан байлаа. Тэрний энэ байдалд би ч сэргэж урам орох шиг.

Би: Чи өнөөдөр сайхан харагдаж байна. Тэрэнтэй юу ч хамаагүй ярьмаар байсан ч хачин өгүүлбэр хэлсэн даруйдаа би буцаахыг хүслээ. Хэзээ ч би эрэгтэй хүний өмнө ингэж тэнэг аашилж байгаагүй.  Би ингэж ярьдаггүй. Ийм үг байдгыг ч мэдэхгүй. Ичсэндээ хацар улайж, халуу дүйгэх нь байдлыг улам дордуулж орхив.

Бугом: Айн? Аан баярлалаа

Би: Би тэгж хэлэх гээгүй

Бугом: Өөө.

Би: Зүгээр л чи өнөөдөр арай цоглог байна гэх гээд.

Бугом: Харин чи улайчихак. Халууцаа юу?

Би: Үгүй үгүй. Чи өнөөдөр бас л энэ хавиар өнгөрч явахдаа намайг дуудсан уу?.

Бугом: Үгүй. Чамайг зорьж ирлээ.

Би: Яагаад?

Бугом: Хармаар санагдаад

Энэ үгийг сонссон даруйдаа зүрх минь түргэн түргэн цохиллоо. Тэр сонсчихвий гэхээс айн биеэ хураан цээжин дээрээ гараа тавьлаа. Нүргэлэн цохилох зүрх минь хэтэрхий их догдолжээ. Тэр дахиад л намайг ширтээд эхлэлээ. Би түүнээс харцаа буруулан доош харав. Өнөөдөр хэтэрхий их догдолж байна. Энэ догдлол намайг олигтой ч амьсгалуулахгүй зовоох юм.

Бугом: Эра

Би: Яасан?

Бугом: Яагаад над руу харахгүй байгаа юм?

Би: Хүмүүс намайг ширтэхэд би дургүй.

Бугом: Чи өөрөө үргэлж хэн нэгнийг ширтэж байдаг шүүдээ.

Би: Тиймээ. Гэхдээ хүмүүс намайг харахад би дургүй

Бугом: Намайг ч гэсэн үү?

Би: Тэр тусмаа чи.

Бугом: Яагаад?

Би: Би бас хүмүүс намайг сандаргахад дургүй. Харин чи миний дургүй хоёр зүйлийг зэрэг хийгээд байна.

Бугом: Ойлголоо. Уучлаарай дахиж би ингэхгүй ээ.

Тэр үнэхээр хэлсэн амандаа хүрсэн юм. Дахиж над руу ширтсэнгүй. Догдлуулахаар үг ч хэлсэнгүй. Гэсэн ч тэр надтай уулзсан хэвээр байсан юм.

2012.04.10

Өнөөдөр үнэхээрийн хашгирмаар, хэн нэгнийг алчихмаар санагдсан өдөр байлаа. Ээжийнхээ ачаар би бүхэл өдөржин ууртай бас нойрмог явав. Нойр ханаагүй байхад гижигдээд сэрээчихсэн болохоор бухимдаж, бүх зүйл миний уурыг барж байв. Бүр хичээлдээ ч явсангүй. Ном уншихаас ч дургүй хүрж байсан тул ганцаараа гудамжаар алхлаа.

-Хөөе! Нэгэн эрэгтэй араас байдгаараа орилож байсан ч би тоосонгүй. Нэгт эрэгтэй хүн араас дуудахад би эргэж хардаггүй. Учир нь золбин нохой л чимээ чагнаж явдаг юм. Хоёрт ууртай үедээ би юунд ч хариу өгдөггүй. Яагаад гэвэл би хараал идсэн амьдралын хэмнэлээс болж дутуу нойртой байгаа болохоор!!!! Гэтэл тэр эрэгтэй Бугом байж.  Араас гүйцэж ирээд мөрөн дээр тогшиход нь золтойл түүнийг цохиод авчихсангүй.

Бугом: Би сая энүүгээр зөрж өнгөрөхдөө чамайг хараад…

Би: Тэгээд шууд явахгүй яагаад хүрээд ирэв?

Бугом: Сонин хүн бөгтийгөөд явж байхаар нь юу тохиолдсон юм бол гэж бодоод. Чи аймшигтай харагдаж байна

Би: Би нойрмог байна

Бугом: Наад олон давхраагаа хараачээ

Би: Чи хоосон үл бүтэх царайгаа дахиж хармаар байвал намайг өдөх хэрэггүй шүү!!!

Бугом: Зүгээр л буцаад унтчих

Би: Болохгүй

Бугом: Яагаад?

Би: Тайвширч чадахгүй байна

Бугом: Тэгвэл тайвшир

Би: Тэнэг байхаа. Шоколад хүсч байна

Бугом: Шоколад хэрэгтэй байгаа юм уу?

Би: Тийн маш их.

Бугом: Хүлээж бай. Битгий яваарай

Би: Бугом….. Бугом…… Хөөе Бугом…. Бугом…… Бугом. Би тэрнийг саравчиндаа хүлээгээд сууж байтал тэр арван минутын дараа баясгалантай нь аргагүй инээсээр ирлээ. Тэр надад таван ширхэг шоколад бас дөрвөн иштэй чихэр,баахан ууттай M&Ms авч иржээ. Тэрнийг хараад л уур гарчихсан байхад ийм их чихэр авч ирсэнд догдолж бас маш ихээр баярлаж байлаа.

Би: Баярлалаа Пак Бугом!

Бугом: зүгээрээ Чуэ Эра! Одоо тайвшир. Тэгээд унт аймшигтай царайгаа үгүй хий!

2012.04.11

Тэр шөнийн гурван цагт над руу залгалаа. Унтаж байсан ч түүний дуудлагыг таслалгүй авлаа. Гэтэл тэр нойрмог хоолойгоор өөдөөс “Унтаж байна уу?” гэхэд нь аль болох сэргэг дугарахыг хичээв.

Би: хорин секунтын өмнө бол тиймээ

Бугом: Би сэрээчихсэн үү?

Би: юу болсон юм?

Бугом: хар дараад

Би: тэгээд тэр мангас чинь чамайг яасан юм? Идсэн үү?

Бугом: мангас бишээ үхэл.

Би: өөө. Ердөө л зүүд шүүдээ

Бугом: үгүй ээ хэтэрхий бодит байсан

Би: хэний үхэл юм?

Бугом: Хэлмээргүй байна

Би: заазаа

Бугом: хөөе

Би: за

Бугом: за юу ч биш

Би: хэл!

Бугом: үгүй ээ

Би: чи тоглоод байна уу? Шөнийн гурван цагт залгачихаад юм хэлэх гэснээ болилоо гэхийн.

Бугом: дараа хэлье

Би: үгүй одоо хэл

Тэр шууд л утсаа таслачихлаа. Уур хүрч бачуурсандаа буцаад унтаж чадсангүй. Тэр яг солиотой байх. Маргааш өглөө нь залгасан ч би авсангүй. Минутын зайтай илгээсэн таван зурваст нь ч хариу өгсөнгүй.  Удаан тэвчсэний хариуд уур гарч түүний  хариуг явуулах гэтэл автобус ирээд зурвас илгээхээ түр азналаа. Би утас руугаа ширтэж, хурданаар давхих автобусны хөдөлгөөнд арай хийж түүнд зурвас бичсээр арын суудалд ирэхэд тэр өөдөөс минь хараад сууж байлаа. Хажуугийх нь суудал дээр суугаад эсрэг талынхаа цонх руу ширтэв.

Бугом: Сайн уу? Би хариу хэлсэнгүй. Цонх руу ширтсээр л суулаа. Харин тэр өвөр дээр минь дуртай шоколадыг минь тавьснаа “Утасаа гээчихээ” юу гэлээ. Энэ үйлдэл нь надад таалагдсангүй. Нохойд яс хаяж өгч байгаа юм шиг л намайг шоколадаар аргалчихна гэж санасан юм байхдаа.  

Бугом: Идэхгүй юм уу? Би зөндөө хайж хайж олсон юмсан. Би өчигдөр юу хэлэх гэж байсан бэ гэхлээр…

Би: Юу?

Бугом: Хөөх чи буцаад хэлд орчихлоо

Би: хэлээч!!!!

Бугом: Чи сандрах дургүй биздээ

Би: Тийм тэгээд тэр хэлэх юм чинь энэтэй ямар холбоотой юм?

Бугом: Хэлвэл чи сандарна. Хэлэх үү?

Би: За байж бай!!!! Би шоколадаа задлан нэг нүдийг амандаа хийлээ. Амттай байна. Тэр над руу яг л жоохон хүүхэд өхөөрдөж байгаа шиг ширтэж байлаа. Би шоколаднаасаа дахин хэдийг амандаа хийгээд нүдээ аньлаа. Амттай байна. Идсэн хэвээр түүн рүү заагаад “За юу юм?” гэхэд тэр бүр ч эгдүүрхэн инээв.

Би: Шоолохоо болиорой. Над руу ширтэхгүй гэсэн яасан!!!

Бугом: Ойлголоо. Тэр харцаа буруулсан ч инээмсэглэл нь нүүрнээс нь салсангүй.

Би: Хурдан хэл!

Бугом: Би чамайг санаад байх юм. Идэж байсан шоколадандаа гахах шахлаа. Цээжээ хэд цохиод арай хийн амьсгал авч чадахаар болсон хойноо доошоо ширтсээр “Битгий тоглоод бай” гэлээ. Бодвол хацар минь дахиад л улайсан биз.

Бугом: Тоглоогүй

Би: Худалч

Бугом: Хэлвэл чи сандарна гэж анхааруулсан байхаа.

Би: Би сандраагүй

Бугом: Тэгвэл ашгүйдээ!!!

Үнэндээ би үхтлээ сандарч, өвдөг минь хүртэл чичирч байсан юм. Харин тэр сэтгэл хангалуун байгаа бололтой нүүр дүүрэн инээмсэглэж байлаа.

2012.04.13

“Гараад ир”

Хаврын бороо зогсолтгүй үргэлжилсээр байлаа. Дулаан хувцасаа өмсөөд шүхэрээ аван түүнтэй уулзахаар гарахдаа би урьдын адил сандарч байлаа. Шиврээ бороонд тэр шүхэргүй зогсож байхыг хараад хурдан алхсаар очлоо.

Би: Шүхэргүй байсан бол саравчинд сууж байхгүй яасан юм.

Тэр хариулсангүй. Доошоо ширтсээр зогсоход норсон үснээс нь ус туслаж байв. Би түүний нэрийг дуудахад ч дээш харсангүй.

Би: Ямар нэгэн юм болоо юу?

Тэр чимээгүй зогссоор л байлаа. Тэгээд хэсэг хормын дараа арай хийн над руу харав. Харц нэг л нь гунигтай, бодолхийлсон. Өмнө нь хэзээ ч түүний ийм нүдийг би харж байсангүй.

Би: Бугом!. Тэр гараарөө хацрыг минь зөөлөн илбэхэд хэтэрхий хүйтэн байсан ч надад таатай санагдав. Би айсандаа хэтэрхий их норсон түүнийг чангаар тэвэрлээ. Дахиад л хүйтэн мэдрэгдэв. Гэсэн ч би улам чанга тэвэрсээр байлаа.

Бугом: Эра би амласандаа хүрч чадахгүй нь…. Тэр ингэж хэлээд тэврэлтээс минь салан эргэж харалгүй яваад өглөө.

 2012.04.21

Бүтэн долоон хоног таг чиг байсныхаа хариуд тэр өнөөх л “Гараад ир” хэмээх зурвасаа явууллаа. Би сүүлийн хэд хоног тэрний энэ зурвасыг л хүлээж байсан тул надад бэлтгэл хэрэггүй байлаа. Гэтэл яг гадуур хувцасаа аваад гарах гэтэл ээж үүдэнд зогсчихоод гаргахгүй байв.

Ээж: Миний үр, ойрд хаагуур гүйгээд байнадаа.

Би: Хичээл л хийгээд гүйгээд  байгаа шүүдээ

Ээж: Худлаа яриад л

Би: Нээрээ

Ээж: Манайх саравч руу харсан цонхтойг чи мартаа юу?

Би: Ээжээ!!!!

Ээж: Миний жаахан зулзага том болжээ.

Би: Боль!!!

Ээж: Заза амжилт

Би: Боль гээд байхад болихгүй юу айн!!! Хүн ууртай байхад!!! Одоо өрөө рүүгээ ор!!! Битгий үүр хавиар эргэлдээд бай!

Ээж: Чи ээж нь юм уу? Би юм уу?

Би: Заа орчих! Ээж нь гарах хэрэгтэй байна.

Ээжтэй үүдний өрөөнд хэтэрхий удаан зууралдсан болохоор тэр хүлээлгүй явчихсан байхвий гэж айлаа. Гэсэн ч тэр тэвчээртэйгээр намайг хүлээсээр зогсож байв. Магадгүй хэн нэгнийг долоон хоног хүлээхээс хамаагүй бага тэвчээр шаардагдах  байх л даа. Би тэрний дэргэд очоод инээх гэтэл нэг л болж өгсөнгүй. Харин тэрний нүд нэг л хоосон царай нь бүхэлдээ цонхийсон харагдана.

Би: Сайн уу?

Бугом: Сайн. Гэхдээ бас муу

Би: Юу болоод байгааг хэлэхгүй юм уу?

Бугом: Хмммм. Тэр уртаар санаа алдсанаа дээхсээ тэнгэр лүү ширтлээ. Тэрний дотор нэг л зүйл болж өгөхгүй байх шиг. Энэ нь намайг ч бас зовоож байлаа.

Би: Дахиад жаахан хугацаа өгөх үү?

Бугом: Үгүй ээ. Нэмэргүй байх.

Би: Тэгвэл асуухаа больё.

Бугом: Би чиний дургүй зүйлийг хийх гээд байна

Би: Чи бороо дуудаа юу?

Бугом: Тэгсэн ч болоосой

Би: Надаас болоод ингэтлээ зовж байгааг чинь хармааргүй байна. Тиймээс энэ бүхнээ боль! Би дургүй байлаа гээд яахав дээ дэлхий сөнөчихгүй…

Бугом: Би чамд хайртай

Би: Айн?

Бугом: Би…

Толгойгоор хатгуулж, нүд бүрэлзээд би нэг л биш байлаа. Тэрний царайг тогтож харж чадсангүй. Хэлж буй үгс нь дотор цуйрайтаж дотор давчдуулна.

Бугом:… чамд хайртай

Ухаан балартаж, би үлдэхийг хүссэн ч харанхуй намайг өөртөө уусгаж байлаа.

Аймшигтай лугших өвдөлт тархинд минь өрнөж байхад би харанхуйд гэрлийг олох гэж тэмцсээр л байв. Энэ өвдөлт намайг ч бодлыг минь ч шатааж байсан тул би хурдан дуусгахын тулд  түүнд бууж өгөхөөр шийдлээ. Өвчинд уусан алга болохийн эрхэнд тэрний нэрийг чангаар дуудав. Би ганцаар хоцорчээ.

Би эрчимт эмчилгээний өрөөнд сэрлээ. Дотроо би шаналаж бас харамсаж байв. Энэ зовлонд сэрсэндээ бас дахиад энэ зовлон үргэлжлэх болсонд шаналсан юм.

 

2 thoughts on “Three Steps to DREAM

  1. yu ygad uhaan aldchihaw? tgeheer zurh ni owddog? tgd sandraad heterhii dogdloh durgui ym bolow uu? achaallaa diildgui ym bolow uu? eheheh tiim baij boloh uu? odoo bogum ooriigoo buruutgaad uulzahgui bolow uu? aimar haramsah bhdaaa ahhhh

Сэтгэгдэл бичих