moon

-1-

/.Таёо./

Hombre

Намайг арван найм хүрдэг жил эцгийн минь бие гэнэтхэн муудаж би түүний бүх насаараа хураасан  өв хөрөнгийг өвлөж авахаар болсон юм. Тэр хахир ширүүн, бүгдийг захирах дуртай хүн. Үүнийхээ дагуу өөрийх нь хийж чадаагүй бүхнийг намайг хий гэж тушааж билээ. Гэрээсээ алс хол цэргийн сургуульд бусдын адил захирагдаж, засарч, сурч мэдэж, унахдаа унаж, онохдоо онож  үнэнчээр сурч явсан би нэг л өдөр үүрэг хариуцлага хийгээд эрх мэдэлд татагдан орлоо. Энэ бүлд надаас өөр үр заяагаагүй юм хойно би эцгийнхээ үгнээс зөрж чадсангүй.

Гэртээ эргэн ирэхэд бүх зүйл яг л урьдын адил байлаа. Салхи, үүлс, шувууд, уйтгар гуниг нь хүртэл. Би тэнгэр өөд харахдаа яагаад ч юм тэр охиныг саналаа. Нарт тэнгэрийн хаяанд сүүдэр төдийхөн үзэгдэх сар, Тэр минь, Хайр минь. Энэ бүх хугацаанд тэрнийг ганц удаа ч дурсан санаагүй явжээ. Аргагүй шүүдээ. Тэнд хүйтэн зэврүүн, цэлмэг тэнгэрийн хэлтэрхий ч үгүй. Гэтэл энд тэр минь бий, сайхан тэнгэр ч бий.

Аавын гэрээслэлд хүсэлт нэртэй, гурван тушаал байсан юм. Эхнийх нь сургуулиасаа албан ёсоор гарах. Энэ нь аль хэдийн биелүүлчихсэн хүсэл байлаа. Тэд ааваас захиа авмагцаа намайг сургуулиас түтгэлзүүлсэн юм. Удаах хүсэл нь харин их сонин. Сартай гэрлэх. Аав боломжгүй зүйл хүсдэг ч үр дүнгүй зүйл хийдэггүй хүн. Би гайхаж бас зүрхшээж байлаа. Биднийг орчлон хорвоод мэндлэхээс өмнө тавьсан өндгөн сүй одоог хүртэл хүчин төгс байжээ. Гэрлэлт биднийг холбох ч хайр үүсэх болов уу?  Түүнтэй гэрлэнэ гэдэг тэнгисийг сэлж гатлахтай л адил хэцүү бөгөөд хүч шаардсан хэрэг. Дотроо би баярлаж байсан ч үүнээс илүү айж байлаа. Хамгийн сүүлийн хүсэл нь өнөөх л гэрлэлттэй холбоотой. Эцгийгээ нас бартал сүйт бүсгүйн хамт гэртээ амьдрах.

Би түүнтэй уулзана гэхээр агаар амьсгалж чадахгүй, газарт тогтож хүчрэхгүй байлаа. Үгээр илэрхийлэхийн аргагүй ихээр догдолсон байжээ.

Дөрвөн жилийн өмнө түүнтэй салах ёс хийхэд тэр надад юу ч хэлээгүй.  Сайн яваарай гэж ч захиагүй. Үнэндээ гэрээсээ хол, хүний газар очих нь түүний төлөө байсан юм. Эцэг эхийнхээ дэргэд эрх дураараа өссөн намайг тэр эр хүн гэж тоож харахгүй. Хатуу гараар хүмүүжиж, хатуужил үзсэн хойно тэр надад итгэнэ хэмээн эрс шийдсэн. Харин тэр цаг нь нэгэнт иржээ. Одоо би тэрнийг хамгаалж чадна. Танхимд эцэг эх минь хэдийн тэдний гэр бүлийг тосон угтаж байлаа. Харин тэр хамгийн сүүлд ганцаар орж ирсэн юм. Хүйтэн өвлөөр гэрийхэн үүдэнд үлдээгээд эргэж харалгүй гүйгээд явсан мөчөө санав. Тэр үед өөдөөс үг дуугүй ширтэж байсан нүд, нэрийг минь нэг ч удаа дуудаагүй уруул, хацарт шүргээд буцсан гар, намайг хүлээн зогссон хөл, бүгдийг нь би харлаа. Улам бүр үзэсгэлэнтэй болжээ. Эцэг эхчүүд эрт цагт тавьсан сүйгээ дахин сэргээх талаар ярьж байхад би тэрнийг л ширтэж суулаа. Тоорын ягаан уруул, үл ялиг туяарсан хацар, над руу харахаас зүрхшээх тэр нүд, миний гэнэн цагаахан анхны хайр. Ийн тэрний өөдөөс харан суухдаа л хязгааргүй ихээр үгүйлж, өөрийгөө марттал санагалзаж байснаа ойлголоо. Тэрнийг би мартсан биш өдөр бүр дотроо бодож, тэрнийг би санаагүй биш өөрийгөө умарттал хайрлаж байж. Өвдөг сөхөрч, эцэж цуцахын цагт энэ бүсгүйг л гэсэндээ шүд зуун тэсч үлджээ. Би тэрнийг маш ихээр санасан байлаа.

Уулзалтын дараа ээж хуримын өдрийг товлох гэж байгааг мэдээд түүнтэй дахин дотносохыг хүсч байгаагаа хэлсэн ч аавын биеийн байдал биднийг хүлээхгүй гэнэ. Аав эцэст нь надад ингэж хэлж билээ. “Өчүүхэн хүмүүн, үхлийн цагтай уралдах үед өнгөрсөнд сул орхисон мөч бүрээ нэхэн санадаг юм. Харин би үхлээс нэг алхамын урд байна.”

Маргааш нь би тэрэнтэй  цэцэрлэгт хүрээлэнд санамсаргүй тааралдсан ч надтай мэндлэлгүй зөрөх гэж байлаа. Би тэрнийг холдохоос урьдаж гарын барьж амжив.

Би: Сар! Тэр над руу гайхан харсанаа мэхийн ёслоод буцаад л явах гэлээ. Би тэрний гарыг тавьсангүй.

Би: Надтай сууж ярилцахгүй юм уу?.

Ля: За

Тэр үргэлж л ийм дуу цөөтэй, чимээгүй хүн байсан. Надтай тоглохоос илүү гэртээ ном уншиж хөгжим тоглохыг илүүд үздэг байж билээ. Харин би тоглоомын талбай дээр тоглонгоо цонхны тавцан дээр ном уншиж суугаа тэрнийг ажигладаг байлаа. Одоо бодоход бидний хүүхэд насны он жилүүд нэгэн хэвийн уйтгартайгаар өнгөрчдээ.

Би: Чи сайн байсан биздээ?

Ля: Тиймээ

Би: Намайг ямар байсныг асуухгүй юм уу?

Ля: За

Би: Юун за гэж? Тэнд их хүйтэн бас их хэцүү. Үргэлж хичээл, жагсаалын бэлтгэл, гар тулаан, дасгал сургуулалт хийдэг. Гэхдээ би сайн байсан их ч зүйл сурсан.

Ля: тийм байх л даа.

Би: Харин чи?

Ля: Юу?

Би: Хийлээ тоглож байгаа юу?

Ля: Тиймээ

Би: Сайн байсан байх нь ээ. Санаа амарлаа.

Ля: Мхм

Би: Өмнөх шигээ л байх юм

Ля: Юу?

Би: Яг өмнөх шигээ л дуу цөөтэй байна

Ля: Аан тийм л дээ. За би явья даа.

Би: Сар

Ля: За?

Би: Маргааш надтай уулзахгүй биз?

Ля: Би…

Би: Хүлээж байх болохоор яг энэ цагтаа хүрч ирээрэй.

Ля: За

Маргааш нь би товлосон цагтаа цэцэрлэгийн голд цэцгэн хүрээтэй саравчинд түүнийг хүлээн суулаа. Тэрний бараа харагдсангүй. Арай ирэхгүй юм биш биз гэх бодол хэдэнтээ төрөөд амжлаа. Халаасанд гялтганах цагаа байн байн гаргаж харсаар сүүлдээ бүр түгшчихлээ. Харин тэр арван таван минутын дараа байдгаараа амьсгаадчихсан ирлээ.

Би: Чи ирчихлээ. Юунд ингэтлээ яарсан юм. Би хүлээж л байх болно шүүдээ.

Ля: Би би би. Амьсгаандаа дийлдэн ярьж чадахгүй байгаа тэрнийг харах хөгжилтэй байв. Би түүний нурууг илэн тайвшруулахыг оролдлоо.

Би: Тайвширчихаад ярь л даа.

Ля: Би хоцорчихлоо

Би: Ирсэн нь л чухал.

Ля: Үйлчлэгч нар бүтэн өдөржин араас дагалаа

Би: Ихэр туслах чинь одоо хүртэл байгаа хэрэг үү?

Ля: Дахиад хоёр нэмэгдсэн.

Би: Чи ч цэвэр агаар амьсгална гэж байхгүй юм байна даа.

Ля: Намайг яах гэж дуудсан юм?

Би: Зүгээр л чамтай уулзмаар байсан. Тэгээд л. Болохгүй гэж үү?. Тэрний царай цонхийж, нэг л таагүй харагдлаа. Надтай уулзахад түүнд эвгүй байгаа бололтой.

Ля: Болноо

Би: Үнэхээр үү?

Ля: Тийм ээ.

Би: Тэгвэл маргааш ч бас уулзацгаая

Ля: Би чадахгүй ээ.

Би: Би маргааш ч бас чамтай уулзмаар байна.

Ля: Гэхдээ тэд үргэлж намайг дагах болно

Би: надтай уулзана гэвэл ээж чинь тэднийг чөлөөлнө.

Ля: Гэсэн ч

Би: Чи өөрөө дургүй байгаа хэрэг үү?. Тэр гэнэтхэн доошоо сууснаа гарнаас татлаа. Би ч тэрнийг даган бөхийн суув. Тэр хуруугаа урууландаа хүргээд маш аяархан “ Чимээгүй” гэхэд нь би толгой дохиод дуугаа хураав. Түүнтэй ингэж ойр байлгүй уджээ. Ийм байдал үүссэнд би баярлаж байлаа.

Ля: Үйлчлэгч гэж маш аяар хэлэв. Би дахиад л толгой дохилоо.

Ля: Явсан эсэхийн хардаа.

Би: За. Би саравчний хаалтыг даван харлаа. Хүлэмжинд хэн ч байсангүй.

Ля: Байна уу?

Би: Ягаан цэцэгтэй даашинзтай мөн үү?

Ля: Магадгүй ээ

Би: Шаргал үстэй

Ля: Тиймээ.

Би: Хэн нэгнийг хайгаад байх шиг байна

Ля: Харахаас нь өмнө доошоо суу.

Бид чимээгүйхэн бөхийн суулаа. Бид хэзээ ч дотно байгаагүй. Үргэлж ойр амьдарч бараг л хамт өссөн гэтэл бид нэг нэгнийхээ талаар мэдэхгүй. Тэр юуны тухай ном уншдаг, хийлээс өөр ямар хөгжим сонирхдог, яг үнэндээ ямар хүн болохын би мэдэхгүй. Тэр ч намайг мэдэхгүй. Би юунд дуртай, юу сонирхдог, яагаад гэнэтхэн цэргийн сургуульд явах болсон талаар тэр мэдэхгүй. Гэсэн ч энэ бүсгүйд би хайртай байлаа. Тэр үйлчлэгчээ явсан эсэхийг харахаар өөрөө өндийхөд нь би тэрний гарнаас татан буцаад суулгалаа.

Ля: Яасан бэ?

Би: Тэр яваагүй ээ.

Ля: Бид их удаан ингэж суулаа.

Би: Тэгвэл дахиад жаахан сууцгаая

Ля: Яагаад?

Би: Чи маргааш ирэх үү?

Ля: Мэдэхгүй ээ.

Би: Ирнэ гэж амлаач. Би тэрний нүд рүү гуйн харлаа.

Ля: За яахав. Гэхдээ би одоо явах хэрэгтэй байна.

Би: Ойлголоо. Маргааш хүртэл баяртай.

Ля: Баяртай. Тэр хажуугаас минь босон явахад нэг л хоосон санагдав. Баяртай “La luna”

Хөөрч догдолсоор би дахиад л цагаасаа эрт иржээ. Өнөөдрийн болзоондоо догдолсоор шөнө ч унтаагүй билээ. Тэнгэрт хөвөх оддын дор тэрнийгээ төсөөллөн хэвтсээр би зүйрмэглэж ч амжсангүй. Харин өнөөдөр тэр яг цагтаа ирлээ.

Би: Сар! Хатагтай өдрийн мэнд.

Ля: Чамд ч бас. Тэр над руу далласан болоод хажууд суулаа.

Би: Өнөөдөр их чөлөөтэй байх чинь

Ля: Чинийхээр хийсэн.

Би: Ээждээ хэлээ юу?

Ля: Тийм ээ. Тэгээд туслахуудыг ажлаас нь буулгасан. Ингэж хэлэхдээ тэр үнэхээрийн баяртай байлаа.

Би: Сайн байна. Тэгэхээр маргааш ч надтай уулзаж болох юм байна. Би өнөөх л гуйсан харцаараа түүн рүү ширтэхэд тэр ийм үг сонсоно гэж бодоогүй бололтой их гайхлаа.

Ля: Чи…

Би: Яасан болохгүй гэж үү?

Ля: Өнөөдөр дөнгөж эхлэж байхад маргаашт яарах юм.

Би: Тийм ээ. Би ойрд их яарч байгаа. Магадгүй ааваас болсон байх. Тэр намайг байнга л ирээдүйн талаар бодоход хүргэдэг юм.

Ля: Тэгээд ирээдүйн талаар юу гэж боддог юм бэ?.

Би: Би ирээдүйд хэн болсон байх бол? Чамтай гэрлэсэн байх болов уу? Бид аз жаргалтай амьдрах болов уу? гээд л.

Ля: Удахгүй чи мэдэх байх аа.

Би: Харин чи ирээдүйн талаар яаж төсөөлдөг вэ?. Тэр харцаа буулган “Би нэг ч удаа бодож байгаагүй юм байна.” гэлээ. Энэ байдалдаа маш их гутарч байх шиг санаа алдсаар суув.

Би: Хөөе Сар!!!! чамд бодох цаг байгаа. Битгий санаа зов.

Ля: Үнэхээр үлдсэн гэж үү?

Би: Чи ёстой хачин юм аа.

Ля: Яагаад намайг сар гэж дууддаг юм?

Би: La Luna гэдэг нь испаниар сар гэсэн үг.

Ля: Гэхдээ миний нэр La Lunar шүүдээ.

Би: Танай Лунар овгийхон нэг илүү үсгээ гээх хэрэгтэй байж дээ.

Ля: Тэглээч өөрөөр дуудагддаг.

Би: Хөөх би чамайг ийм зөрүүд гэж мэдээгүй юм байна. Гайхалтай. Бид өдөр бүр уулзвал нэг нэгнээ бүр сайн мэдэх болно. Тиймээс өдөр болгон уулзацгаая.

Хэдэн өдөр бид алгасалгүй уулзацгаав. Тэрэнтэй байхад би цаг хугацаа болоод орон зайг огт хайхардаггүй байлаа. Ийнхүү хөөрч догдолсоор хуримын өдөр хэдийн хаяанд тулан ирсэнийг ч ажирсангүй. Би гартаа нэгэн цагт эцэг минь ээжид зүүж өгсөн хуримын бөгжийг барин зогсож байв. Нөгөөдөр би албан ёсоор түүнд гэрлэх санал тавина гэж төлөвлөсөн юм. Гэсэн ч би урьд өмнөх шигээ л хулчийж, сэтгэл зүрхнээсээ нүүр буруулах гээд байлаа. Бид гэрлэх нь тодорхой. Тэр зөвшөөрөхөөс өөр хариу хэлэх ёсгүй. Гэтэл би түгшсэндээ чичирсээр байв.

Гэвч хэдэн хормын дараа байдал огт өөрөөр эргэсэн юм. Ордонд миний нэрээр нэгэн захиа ирсэнээс болоод бүх зүйл орвонгоороо өөрчлөгдчихөөд байлаа. Тэр захиаг хааны түшмэд өөрийн гараар бичсэн бөгөөд төрийн лацаар тамгалагджээ. Би захиаг гүйлгэн уншаад тэвчихгүйн эрхэнд дороо сөхрөн унав. Тэнд өгүүлсэнээр бол би удахгүй алс хязгаарт өрнөж буй хүйтэн дайнд явахаар болсон байлаа. Дайн хэдэн жил үргэлжилсэн ч өдийг хүртэл хурцадмал байдалтай байгаа, хааны бие лагшин муу, олон хүн амь үрэгдсэн. Бид бараг л дайсны өмнө хүчин мөхөсджээ. Гэсэн ч хаан бууж өгөх дургүй нэгэн. Тэр одоо л сүүлийн хөзрөө дэлгэх цаг нь гэж бодсон биз. Тиймээс олон жил бэлтгэгдсэн тусгай хүчнийхнийгээ тулааны талбарт гаргахаар шийджээ. Би явахыг хүсэхгүй байна. Бүр энэ талаар эргэцүүлэхийг ч хичээсэнгүй. Тэд хэдийн намайг хассан. Одоо би тэдний нэг биш. Гэтэл энэ захиаг ээж олоод харчихлаа. Би шуудхан урж хаяаад “Би явахгүй” гэж хэлэв. Тэр харин үүний хариуд юу ч хэлсэнгүй. Би өрөөндөө ганцаар үлдээд өнөөх урсан цаас руугаа гунигтай гэг чинь ширтлээ. Би маргааш нь түүн дээр очилгүй гэртээ бодолдоо дарагдан өнжлөө. Ширээн дээр хуримын бөгжөө, хуучин мөрдөстэйгээ зэрэгцүүлэн тавиад ширтэж суув. Би явж болохгүй шүүдээ. Тэнд байдал хэцүү байгааг би хэнээс ч илүү мэднэ. Гэхдээ би одоо тэрнийг алдаж чадахгүй. Бид хэдхэн хоногийн дараа гэрлэх гэж байна. Бүхэл өдөржин хоосон бодолдоо дарагдаж, шөнөжин гиюүрэн хэвтсээр өглөө болоход би тэрнийг орхиж чадахгүйгээ ойлгосон юм. Халаасандаа хайрцагтай бөгжөө хийгээд, өөр зүйл бодохгүйг хичээн цэцэрлэг рүү явлаа. Үргэлж цагтаа ирээд тэрнийг хүлээдэг байсан би  энэ удаа хоцорчээ. Би уйтгар гунигаа авч хаяад түүний өөдөөс инээмсэглэв.

Би: Сар, чи ирчихэж

Ля: Тиймээ.

Би: Өчигдөр бас ирсэн үү?

Ля: Тийм

Би: Уучлаарай. Би ирэх гэж хичээсэн ч амжсангүй

Ля: Зүгээр дээ.

Бид хэсэг чимээгүй сууцгаав. Хичээсэн ч би тэр захиаг бодлоосоо авч хаяж чадахгүй л байв. Тэгээд халаасан дахь бөгжөө санаад түүнд яаж хэлэхээ бодож эхлэлээ. Гэтэл тэр чимээгүй байдлыг үгүй хийн анх удаагаа яриа эхлүүлэх нь тэр.

Ля: Таёо…

Би: За?

Ля: Би ээжээс чинь сонссон.

Би: Юу?

Ля: Дайны талаар

Би: Аан тоох хэрэггүй дээ.

Ля: Чи явах уу?

Би: Чи юу гэж бодож байна?. Удахгүй бид гэрлэх гэж байгаа шүүдээ.

Ля: Би сайн хэлж мэдэхгүй юм.

Би: Би явахгүй гэвэл чи намайг хулчгар гэж бодох уу?. Тэр чимээгүй л байлаа. Би үргэлжлүүлэн түүнээс асуув.

Би: Тэгвэл би дайнд явбал чи надад гомдох уу? Бид дайнаас өмнө гэрлэлээ ч би хэзээ буцаж ирэхээ мэдэхгүй. Тэр надад ямар ч хариу хэлсэнгүй. Чимээгүйхэн бодолдоо автан суусаар л байв. Эсвэл тэр миний юун талаар яриад байгааг ойлгохгүй байгаа бололтой. Хэсэг хором чимээгүй суусныхаа хариуд тэр маш сулхан “Надад хамаагүй ээ.” Гэлээ.

Би: Юу? Би дайнд явах явахгүй нь хамаагүй гэж үү? Би чамд ер нь огт хамаагүй юу? Бид төрсөн цагаасаа л хамт байсан. Би бүх насаараа ганцхан чамайг л харж явсан. Чамайг бодоогүй өдөр хоног надад байгаагүй. Гэтэл би чиний хувьд хэн ч биш байжээ. Би өөрийн мэдэлгүй уурандаа түүн рүү хашхичиж байлаа. Тэвчээр минь барагдаж би эцсээ хүртэл туйлдсан байв.

Ля: Тийм биш ээ.

Би: Би чамайг ойлгохгүй байна.

Ля: Чи хүсч байвал дайнд явж болноо. Надад санаа зовох хэрэггүй.

Би: Бидний хурим яах болж байна?. Чи намайг хэдэн жил хүлээсэн ч чадна гэж үү?

Ля: Чамайг ирсэн тэр өдөрт л  хуримлацгаая. Би эцэсээ хүртэл чамайг хүлээж байх болно. Тийм болохоор яв.

Би халаасан дахь хайрцагаа чанга атгасаар тэрний салах ёсыг сонсож суусан. Эцэст нь тэр намайг явуулахыг хүсч байна. Харин би эх орныхоо төлөө биш зөвхөн түүний төлөө дайнд явахаар шийдлээ. Би тэрнийг хэдэн жилийн өмнө гэрийхэн гадаа үдэж байсан бол энэ удаа цэцгийн хүлэмжинд орхин явлаа. Тэр үед би эргэж харалгүй шуудхан явсан, гэтэл халаасан дахь хайрцаг намайг өмнөх шиг зүрх зоригтойгоор явуулсангүй. Би буцаж алхсаар түүний өмнө очоод хайрцагтаа бөгжөө гарт нь атгууллаа.

Би: Би хаячихаж магадгүй тиймээс хадгалж байгаарай. Буцаж ирэхдээ өөрийн гараар зүүж өгөх болно.

Ля: Ойлголоо.

Би тэнгэр өөд ширтлээ. Нарт тэнгэрийн хаяанд сүүдэр төдийхөн үзэгдэх сар, Тэр минь, Хайр минь.

/.Ля./

Drogas

Намайг үргэлж сартай зүйрлэдэг нэгэн залуу бий. Харин би түүнийг нартай адилтгадаг байлаа. Би тэрний тусгалаар амьдарч бас гэрэлтдэг байсан. Тэр шударга үнэн бол би худал хуурмаг, тэр энэрэл хайр бол би өс хонзон, тэр тэсвэр тэвчээр бол би цөхрөл гуниг байлаа. Тэр хорвоог гийгүүлдэг алтан нар байхад би хуурмаг төдийхөн сар байсан юм..

Миний анхы бодол тэр байсан. Миний анхны зүүд ч тэр байсан. Би хамгийн анх тэрний гараас атгасан, тэр бүхэлдээ миний амьдрал байсан. Бид үргэлж хамт байдаг байлаа. Миний санадаг мөч бүрийд тэр хажууд байсан, магадгүй мартагдсан дурсамжинд ч дэргэд минь байсан биз. Тэр зоригтой, тэвчээртэй, миний мэдэх хамгийн гэгээлэг хүн байв. Нэрийн бодоход л түүний инээж буй дүр төсөөлөгддөг юм. Гэтэл би…Үгүй ээ. Тэр надтай харьцуулашгүй хүн шүүдээ.

Үнэндээ би тэрний хажууд өөрийгөө мартчихдаг байсан. Юу ч ярихгүй, юу ч бодохгүй, хажууд нь суугаад амьсгалахаас бусдаар юу ч хийхгүй. Ярих гэхээр ам эвлэхгүй, дотрох бодлоо илэрхийлж чадахгүй, харин тэр хэнээс ч илүү найрсаг, хөгжилтэй байсан. Иймдээ ч тэр миний хувьд хамгийн чухал хүн байждээ. Хурдан ирсэн ч удаан хадгалсан анхны хайр минь нар байлаа. Гэхдээ би дэргэд нь  байхаас илүү холоос харах дуртай байв. Тэрнийг харах нь яг л үргэлж зунаараа байдаг өөр ертөнцийг  харан суухтай адил байсан.  Гэтэл тэр гэнэтхэн арван дөрвөн насандаа алс хол сургуульд сурахаар болж билээ. Би тэрнийг алдсан мэт л гашуудаж байв. Амьдрал зогсож, үүрдийн өвөл ирсэн мэт хүйтэн байсан. Гэсэн ч салах ёс хийхээр ирэхэд нь юу ч хэлсэнгүй. Харин дотроо би уйлан харуусаж, явуулахыг хүсэхгүй байсан. Дотрох хүнтэйгээ тэмцэлдсээр тэрэнд үлдсэн багахан цагийг хий дэмий үрж билээ. Би тэрнийг тэвэрч болох болов уу? Баяртай гээд үнсэж болох болов уу? Ядаж би түүнд хүрч  болох болов уу?. Би чамд хайртай гэвэл тэр хүлээж авах болов уу? Эцэст нь би тэрнийг хүлээж болох болов уу?. Би үнэхээр хүсч байсан, гэхдээ нэгийг нь ч хийж чадахгүй байлаа. Харин тэр бодлыг минь зогсоон “Баяртай” гэж хэлээд эргэж ч харалгүй яваад өгсөндөө. “Баяртай Таёо”.

Дөрвөн жилийн дараа тэр арван найман насандаа гэртээ буцан ирсэн юм. Тэрнийг харах сайхан байсан ч улам бүр надаас холдсон юм шиг санагдаж байлаа. Хүрч чадахгүй хязгаарт, үүлсийн дунд гэрэлтэх нар, Тэр минь, Хайр минь. Би чамайг хэмжээлшгүй ихээр санасан. Чамайг хүлээсэн өдөр хоногийг нэхэн санахад туйлын хэцүү, бэрх байжээ. Гэсэн ч би түүнээс зүрхшээж байлаа. Таёо өмнөх шигээ биш болсон бол яах вэ? Тэр өөр цаг хугацаанд өөр газар амьдарч байсан. Гэтэл би урьдын чимээгүй, ичимхий сар хэвээрээ. Би үүнээс л эмээж байсан.

Гэхдээ түүний хүслээр бид өдөр болгон цэцгийн хүлэмжинд уулзахаар боллоо. Айдас нисэн одох шиг болсон ч би тэрнийг харахаар сандардаг хэвээрээ. Тэр харин огт өөрчлөгдөөгүй байлаа. Өмнөх шигээ найрсаг, илэн далангүй хэвээр байв.

Таёо:  Сар! Чи ирчихлээ.

Би: Нар.

Таёо: Ямар Нар?

Би тэнгэр лүү заагаад “Тэр Нар” гэхэд Таёо гайхсандаа хэсэг над руу ширтлээ.

Би: Тиймээ чи бол Нар

Таёо: Яагаад?

Би: Чиний нэр Нар гэсэн утгатай.

Таёо: Би мэдээгүй юм байна. Чи хаанаас мэдсэнээ дөхүүлэхгүй биз. Би чам шиг их ном уншдаггүй болхоор хэцүү байна.

Би: Нар мандах зүгээс олоорой

Таёо: Ойлголоо гэж хэлээд нар гийх мэт сайхан инээмсэглэлээ. Би дахиад л түүнийг хүн бишээр төсөөлөв. Хүн ийм гайхалтай байж боломгүй. Тэрнийг эгэл хүн гэвэл гутаан доромжилсон хэрэг болно.

Таёо: Сар.

Би: За?

Таёо: Маргааш ирнэ биз дээ.

Би: Тийм ээ.

Таёо: Тэгвэл нөгөөдөр

Би: Мэдэхгүй

Таёо: Би дахиад л яарчихсан уу?

Би: Тийм.

Таёо: Гэсэн ч заавал ирээрэй

Би: Нөгөөдөр ирэх үгүйг маргааш асуу.

Таёо: Ойголоо. Чи ирээдүйн талаар бодож үзсэн үү?

Энэ асуултаас л би айж байсан. Гэтэл тэр мартсангүй. Би бодож үзсэн ч тэрэнд таалагдахгүй байхвий гэхээс айж байлаа. Өөрийн өчүүхэн ирээдүйд өөрийг нь багтаасныг сонсоод тэр лав намайг шоолох биз.

Таёо: Бодсон уу?

Ирээдүй гэдэг миний хувьд тэр байлаа. Түүнтэй гэрлэж, өдөр ч орой ч хамт байж, хүссэн үедээ түүнийгээ харж сонсоно. Хамтдаа зугаалж, хамт сэрж, хамт нойрсоно. Би ирээдүйг ингэж л төсөөлж байв.

Би: Мэдэхгүй юм

Таёо: Тэгвэл хамт төсөөлцгөөе. Нүдээ ань

Би: Ойлголоо.

Би ч тэр ч нүдээ анив.

Таёо: Яг энэ цэцэрлэгийг төсөөл, гадаа дулаахан шувууд жиргээд л. Цэцэгс үнэртэж, салхи намуухан үлээнэ. Энд бидний гэр бүлийн танилууд, хамаатан садан бүгд ирчихсэн сууж байна. Би харин яг энэ саравчний дэргэд хар хослол өмсөөд номлогчийн хамт зогсоно. Харин чи гоёмсог цагаан даашинзтай, гартаа ягаан сарнай, хонголзул цэцгийн баглаа бариад цэцэрлэгийн төгсгөлд хөгжим эгшиглэхийг хүлээн зогсож байна. Гэтэл намуухан ая эгшиглэж чи цугласан олны дундуур алхаж эхлэлээ. Алхсаар л байна. Чи үнэхээрийн үзэсгэлэнтэй юм. Би харин бүр сандарчихаж. Чи миний дэргэд ирэхэд би гарыг чинь атгана. Ингэж хэлээд тэр жинхнээсээ гарыг минь атгав.

Таёо: Номлогч бидэнд үүрдийн аз жаргалыг ерөөсний дараа би чамд хуримын тангаргаа уншиж өгнө. “Гүн хөх тэнгэр хязгааргүй үргэлжилж, үй түмэн одод чимээгүйхэн гялтганадаг шиг бидний амьдрал үүрд мөнх, хайр дурлал минь гүн гүнзгий билээ. Энэ амьдрал дууссан ч хойд насандаа дахин учрая. Амь бүхэн чамайг хайрлаж, амьсгал бүрээ чамдаа зориулна.

Би: Тэнгэрийн хаяа зах цайран үзэгдэж, тэртээх үүлс чимээгүйхэн хурдаг шиг бидний амьдрал өнө мөнх, хайр дурлал минь цөхрөшгүй уудам билээ. Энэ амьдрал дууссан ч хойд насандаа дахин учрая. Амь бүхэн чамайг хайрлаж, амьсгал бүрээ чамдаа зориулна.

Таёо: Үүний дараа бид бөгжөө солилцож би чамайг удаанаар үнсэнэ. Тэрнийг ингэж хэлмэгц би гэнэтхэн нүдээ нээчихэв. Харин тэр намайг үнсэхээр ойртож байжээ.

Таёо: Уучлаарай. Бид хоёул сандарчээ. Хэлэх үг олдохгүй бие бие рүүгээ ширтэхэд хацар халуу дүйгэж, зүрх хурдан цохилно.

Би: Би явах хэрэгтэй

Таёо: Маргааш уулзацгаая

Гэвч маргааш нь тэр ирсэнгүй. Би бүхэл өдөржин тэрнийг цэцэрлэгт хүлээж суулаа. Би тэрнийг гомдоочихож, эсвэл тэрний тэвчээр алдарсан биз. Гэтэл орой нь би түүний ээжээс дайнд оролцохыг шаардсан тушаалын талаар сонссон юм. Ингээд л өнөөдөр ирээгүй байх нь. Өдийг хүртэл тэр эр зоригийн төлөө амьдарч ирсэн. Үүний тулд л  цэргийн сургуульд элссэн шүүдээ. Гэтэл надаас болоод ухрах гэж үү?

Би дахиад л цэцэрлэгт тэрнийг ганцаар хүлээн суулаа. Өнөөдөр ч бас ирэхгүй бол яах вэ?. Сэтгэл түгшихийн эрхэнд айдас улам бүр нэмэгдэж байлаа. Гэтэл Таёо хэдхэн минутын дараа урьдын адил инээмсэглэсээр ирэв.

Таёо: Сар, чи ирчихэж

Би: Тиймээ.

Таёо: Өчигдөр бас ирсэн үү?

Би: Тийм

Таёо: Уучлаарай. Би ирэх гэж хичээсэн ч амжсангүй

Би: Зүгээр дээ.

Бид хэсэг чимээгүй сууцгаав. Тэр дайнд явах болов уу? Хэрэв тийм бол бид дахиад л хагацах нь. Ингэж бодмогц бүр аймшигтай санагдав. Би тэрнийг дахиад алдаж чадахгүй.

Би: Таёо…

Таёо: За?

Би: Би ээжээс чинь сонссон.

Таёо:  Юу?

Би: Дайны талаар

Таёо: Аан тоох хэрэггүй дээ.

Би: Чи явах уу?

Таёо: Чи юу гэж бодож байна?. Удахгүй бид гэрлэх гэж байгаа шүүдээ.

Би: Би сайн хэлж мэдэхгүй юм. Би үнэхээр хэлж мэдэхгүй байлаа. Энэ зөвхөн тэрний шийдвэрээс шалтгаална шүүдээ. Би эхнэр нь болоогүй байж түүний хэрэгт оролцож болохгүй.

Таёо: Би явахгүй гэвэл чи намайг хулчгар гэж бодох уу?. Би чимээгүйхэн бодлоо. Тэр үргэлж зоригтой байсан. Намайг хамгаалж, айхад минь тайвшруулж, сайхан төсөөллөөр тайтгаруулдаг байлаа. Гэтэл би тэрнийг хулчгар гэж бодож зүрхлэнэ гэж үү? Хэзээ ч үгүй.

Таёо: Тэгвэл би дайнд явбал чи надад гомдох уу? Бид дайнаас өмнө гэрлэлээ ч би хэзээ буцаж ирэхээ мэдэхгүй.

Би тэрний асуултанд хариулж дөнгөсөнгүй. Тэр явбал би түүнд гомдох болов уу? Гомдсон ч би тэвчих байх. Харин тэрнийг санагалзах сэтгэлээ хорьж дийлэхгүй биз. Гэсэн ч би хүлээхээс өөр яах билээ. Би тэрнээс өөр хэнийг ч хайрлаж чадахгүй. Тэр л энэ амьдралын минь нар шүүдээ. Хэдий хэр хугацаа өнгөрөх нь надад хамаагүй. Би чимээгүй суусаар эцэст нь түүнд “Надад хамаагүй ээ.” Гэлээ. Үнэндээ амнаас гарч чадах хамгийн амархан үг нь энэ байсан юм.

Таёо: Юу? Би дайнд явах явахгүй нь хамаагүй гэж үү? Би чамд ер нь огт хамаагүй юу? Бид төрсөн цагаасаа л хамт байсан. Би бүх насаараа ганцхан чамайг л харж явсан. Чамайг бодоогүй өдөр хоног надад байгаагүй. Гэтэл би чиний хувьд хэн ч биш байжээ.

Би: Тийм биш ээ. Тэр үргэлж надад хамаатай байсан. Би ч бүх насаараа тэрнийг л харж явсан. Надад ч бас тэрнийг бодоогүй нэг ч өдөр хоног байгаагүй. Би хэзээ ч өөрийн бодлоо бүрэн илэрхийлж байгаагүй шиг түүний сэтгэлийг үнэнээр нь ойлгоогүй явжээ.

Таёо: Би чамайг ойлгохгүй байна.

Би: Чи хүсч байвал дайнд явж болноо. Надад санаа зовох хэрэггүй.

Таёо: Бидний хурим яах болж байна?. Чи намайг хэдэн жил хүлээсэн ч чадна гэж үү?

Би: Чамайг ирсэн тэр өдөрт л  хуримлацгаая. Би эцэсээ хүртэл чамайг хүлээж байх болно. Тийм болохоор яв.

Тэр дахиад л намайг орхиод явчихлаа. Хэдий саяхан бид хагацсан ч түүнийг би маш ихээр үгүйлж байна. Би чимээгүйхэн гуниглан уйллаа. Гэтэл тэр  шууд явалгүй буцаад ирэв. Гарт минь жижигхэн хайрцаг атгуулаад “Би хаячихаж магадгүй тиймээс хадгалж байгаарай. Буцаж ирэхдээ өөрийн гараар зүүж өгөх болно.” гэлээ

Би: Ойлголоо.

Би тэнгэр өөд ширтлээ. Хүрч чадахгүй хязгаарт, үүлсийн дунд гэрэлтэх нар, Тэр минь, Хайр минь.

Тэр явсанаасаа хойш хоёр сарын дараа захиа илгээсэн бөгөөд дараагийн захиа нь өмнөхөөсөө хоёр сарын дараа ирж билээ. Ингээд би тэрнээс хоёр сар тутамд захиа авсаар нэг жилийг барчихсан байлаа.

Би буцаж очих өдрөө тэсэн ядан хүлээж байна. Сар минь хайр минь би чамайг ямар их санаж байна гээч. Өдөр хоногийг чиний л төлөө даван туулж сууна. Чи яагаад намайг нар гэснийг би ойлгосоон. Чиний зөвлөснөөр би нар мандах зүгээс хариултыг хайсан. Тэр нутагт Таёо гэдэг нь нар гэсэн үг тийм биз?.

Би өчигдөр шөнө чамайг зүүдлэлээ. Үүний төлөө би хэнд баярлах ёстой вэ? хувь тавиланд уу? зүүдэнд айлчилсан чамд уу? аль нь ч байсан тэр шөнийн мөч бүрийд талархая. Би шөнө тэнгэрийн хаяаг ширтээд чамайг гэж төсөөлдөг юм. Хичнээн их үзэсгэлэнтэй гээч. Тэгээд би хуримын тангарагаа саранд шивнэдэг. Гүн хөх тэнгэр хязгааргүй үргэлжилж, үй түмэн одод чимээгүйхэн гялтганадаг шиг бидний амьдрал үүрд мөнх, хайр дурлал минь гүн гүнзгий билээ. Энэ амьдрал дууссан ч хойд насандаа дахин учрая. Амь бүхэн чамайг хайрлаж, амьсгал бүрээ чамдаа зориулна. Чи минийх, би чинийх болно. Бид  гэрлэсэн мөчөөс хойш би чамтай нэг нуурын ус шиг урсаж, нэг галын дөл шиг унтарч, нэг биеийн сэтгэл шиг оршино. Би чамд өөрөөсөө ч илүү хайртай. Ля Лунар.

Энх тайван цаг ирж, дайн дууссан. Цэрэг эрс гэртээ ялалтыг дагуулан ирсэн билээ. Би тэрнийг хоног тоолон хүлээж, нэг л өдөр тэр минь инээмсэглэсээр ирнэ гэж бодохоор тайвширч чадахгүй байлаа. Гэтэл Таёо ирсэнгүй. Харин шууданч надад улаан туузаар ороосон хар хайрцаг хүргэж ирсэн юм. Би айдас, түгшүүр, догдлол дүүрэн сэтгэлээр хайрцагийг нээхэд түүний дүрэмт хувцас, нэгэн захиан хамт байлаа.

Хайрт Сар минь чамайг энэ захиаг битгий уншаасай гэж хүсч байна. Энэ бидний сүүлийн тулаан, захирагч хүн бүрийг гэрийхэндээ захиа бич хэмээн шаардсан. Би үнэндээ бичихийг хүсээгүй ээ. Удахгүй чамдаа өөрийн биеэр очно шүүдээ. Аав нэг удаа надад ингэж хэлсэн юм.“Өчүүхэн хүмүүн, үхлийн цагтай уралдах үед өнгөрсөнд сул орхисон мөч бүрээ нэхэн санадаг юм. Харин би үхлээс нэг алхамын урд байна.”. Үүнийг би ойлгоогүй явжээ. Гэтэл одоо хором бүрт ухаардаг. Би хий дэмий өнгөрүүлсэн он жилүүдэд харамсдаг. Чамд хайртай гэдгээ хэлээгүйдээ, чамайг хажууд байхад зориглоогүйдээ, чамтай илүү ойр байгаагүйдээ харамсах юм. Хэрвээ чи энэ захиаг уншиж байвал би хэдийн хорвоог орхичихсон байх болно. Уучлаарай Ля би амлалтандаа хүрч чадахгүй нь. Би гэртээ, чамдаа  очихыг үнэхээр хүссэн юм шүү. Энэ амьдрал дууссан ч хойд насандаа дахин учрая. Амь бүхэн чамайг хайрлаж, амьсгал бүрээ чамдаа зориулна. Баяртай хайрт минь.

Хоолой зангирч, нүдэнд нулимс бүрхээд ирэв. Тэрний минь үнэр ханхлах дүрэмт хувцасыг нь тэвэрээд цөхрөл, гунигтаа согтон уйллаа. Би хэзээ ч тэрнийг тэвэрч байгаагүй. Би хэзээ ч тэрэнд үнсүүлж байгаагүй. Би хэзээ ч түүнд хайртай гэдгээ хэлж байгаагүй. Харин одоо хэтэрхий оройтжээ. Би чамд өөрөөсөө ч илүү хайртай байсан юм шүү Таёо.

Хүрч чадахгүй хязгаарт, үүлсийн дунд гэрэлтэх нар, Тэр минь, Хайр минь. Баяртай…

Тэр мөчөөс хойш энэ гарагт нар үүрд шингэж, сар үзэгдэхээ больсон юм гэнэ.

 ЗТ: Ойлгож мэдэхгүй зүйл гарвал хүссэнээрээ асууж болно шүү.

10 thoughts on “♠~Alice In Orchestralia~♣

  1. Uneheer setgel hodoltol bichih ymaa
    Ene gehdee alicetai ymr holbootoi tm ingej bijseer bgaad krisees busad ni uldeh bh tiimuu eswel zuer gol humuusee ingej bijeed bgaanmuu

  2. Аль аль нь бодлоо нэгнээрээ дүүргэсэн байжээ. Гэтэл хэн хэн нь тэр бодлоо илэрхийлж зүрх сэтгэлээ нээхээс эмээж. Хий дэмий өнгөрүүлсэн цаг мөчөө санан, тэрэндээ хайртай гэх сэтгэлээ тэрнийгээ гэх бодлоо ойлгуулж чадаагүйдээ харамсахад аль хэдийн үхэл нэг алхамын урд иржээ…..
    Сар үзэгдэхээ больсон гэдэг нь Сар, Нарыг даган шингэсэн гэсэн үг үү? Ля үхэгсэдийн ертөнцөд ирсэн зам энэ юм уу?

  3. үнэхэээр хэцүү юмааа хөөрхий ля үнэхээр саранд хайртай байжээ. Хайрын түүхүүд гунигтай байх тусмаа агуу бх юмдааа эцэс төгсгөлгүй энэ өгүүллэг хэзээ дуусч миний санааг амраахийм болдоо хэн нь жаргаж хэн нь мөнхийн гунийгтайгаа хоцрох юм болдооо

Сэтгэгдэл бичих