img1447426478585

THIRD ANNIVERSARY PROJECT 

Бичгийн цагаан цаасан дээр хичээнгүйлэн бичсэн захиаг тэр эрэгтэй ихэд нухацтай царайгаар уншиж суулаа. Захиа хэдэн километрийн цаана амьдрах нэгэн хүнээс иржээ. Залуу өнөөх захиаг дахиад л эхнээс нь уншихдаа “Чамд хэцүү байгаа бол буцаад ирж болно шүүдээ” гэдэг үгэн дээр ирээд  гацна. Тэр санаа алдахдаа энэ үгийг амандаа бувтнаад үргэлжлүүлэн уншлаа.

 –Яагаад заавал надаас хол ийм бөглүү газар амьдрах гээд зүтгээд байгааг чинь ойлгохгүй байна. Чи үргэлж л өөрийхөө дураар байж, өөрийхөө хүссэнийг хийхэд чинь би чинийхээр байдаг байсан. Энэ удаад бол чадахгүй нь. Үнэхээр чи  наад газраа сонгосон бол би чиний хоёр дахь сонголт баймааргүй байна. Хайр гэдэг хамт цохилох зүрхийг хэлдэг атал хоёр өөр ертөнцөд чи бид цохилоод яахав дээ.-

Захиа залуугийн гарнаас мултран  шалан дээр салхи даган уналаа. Бичгийн ширээний буланд  урж тасдалгүй харин ихэд эвтэйхэн мэдэгдэлгүй нээсэн захиан гадар харагдах ба дугтуйн дээр холын хаяг бичиж ховорт тооцогддог марк наажээ. Захианы эзэн хэнээс ч илүү нямбай, хэн нэгэнтэй харьцуулахааргүй хөрөнгөтэй нэгэн  атлаа хэн ч хэлэхээргүй хатуу үгийг хайртдаа илгээсэн байв. Залуу санаа алдан доошоо бөхийн захиаг авахдаа базаад хаячихмаар байсан ч дугтуйнд нь нугалаасыг давтан буцааж хийлээ. Тэгээд л тэр нэг хүн амьдрахад хэтэрхий том чимээгүй байшингаасаа гарч одов. Тэр хаашаа ингэтлээ яарна вэ? Хуучирч муудсан дугуйны гинж чадлаараа эргэлдэж, илэгдэж нөхөгдсөн дугуй шороон замыг ардаа үлдээнэ.

Намрын жиндүү салхинд гараа цээжиндээ эвхэн зогсох эмэгтэйн дүрс залуугийн нүдэнд тодорлоо. Тэрээр зузаан ноосон цамцандаа шигдэн бүрхэг тэнгэр өөд гунигт бор нүдээрээ ширтэх хэдий ч бүсгүй өөрийг нь холоос ажиглах өөр нэгэн гунигт харцыг даанч анзаарсангүй. Залуу толгод дээрээс дөрөөгөө жийн танил болсон гудамжруу уруудлаа. Тэгээд энэ бүрхэг өдөрт, тэр ч бүү хэл өөрийнхөө дотоод зөрчилдөөнд тохирмооргүй инээмсэглэлийг эмэгтэйн ойролцоо очихдоо нүүрэндээ тодруулж түүнтэй мэндлэв. Эмэгтэй хариуд нь тэрэнрүү харж толгойгоо үл ялиг дохив.  Үргэлж л цовоо сэргэлэн нүүрний баясгалантай байдаг түүний төрх сүүлийн хэдэн өдөр нэг л зовиуртай бас ямар нэгэн зүйлд түгшсэн байх болжээ. Ингэтлээ хувьсаж өөрчлөгдөж байгаа нь маш уйтай санагдсан залуу энэ мэдрэмжээ нуухыг хичээн эдэлгээнд орсон хүрэн бор өнгийн ширэн цүнхнээсээ өнөөх нямбайлан эвхсэн дугтуйтай захиаг гаргаж ирээд бүсгүйд өгөв. Тэр захиаг задалсан ч үгүй. Өмнөх шигээ хайртынхаа илгээсэн үгсийг уншихаар гэрлүүгээ яаран орсон ч үгүй. Зүгээр л гартаа барин хэдэн минут хэртэй зогссоны эцэст захиаг чанга атгаж халаасандаа хийчихэв. Бүсгүй хойлоогоо зассанаа захиа зөөгч залууруу хандан

– Дөнгөж намрын эхэн сар байж яагаад ийм хүйтэн байгаа юм бол?

Бүсгүйн хоолойны өнгө төгөлдөр хууран дээр гүйх намуухан аяз шиг сонсогдох атал тэр аяз дэндүү гунигийн аяз ажээ.

– Эсвэл би л даараад байгаа юм болов уу? хэмээн чийг даасан сормуустай нүдээрээ газарлуу ширтэв.

– Энд угааасаа их сэрүүхэн байдаг юмаа.

– Тийм гэж үү?  хэмээн тэр зөвшөөрсөн аятай толгойгоо дохиод санаа алдав. Тэгээд залууд хандан <<Надтай хамт цай уухгүй биз? Би энүүхэнд нэг газар мэднэ>> гэв.

Зөөгч эмэгтэй шилэн аяга арчин зогсохдоо жазз дууны хөнгөн хэмнэлд тааруулан дороо бүжнэ. Хаалганы хонх жингэнэн үйлчлүүлэгчид орж ирэхэд тэр сандран магнатофоныхоо дууг намсган инээмсэглэн мэндлэв. Төрсөн цагаасаа эхлэн энэ жижиг дүүрэгт амьдарч байгаа залуу шилэн цонх дээрээ хаягаа зурайлгасан энэ газрыг гаднаас нь л хэд хэдэн удаа харж байсан уу гэхээс хэзээ ч дотор нь орж үзэж байгаагүй юм. Тэр хоёр цонхны дэргэдэх ширээнд сууцгаалаа. Сүртэй олон ширээгүй ч ширээ болгон дээр шилэн вааранд хийсэн цэцэгсийн цуглуулга байх бөгөөд бүх тавилга нь модон болоод ч тэрүү модны үнэр, цэцэгсийн үнэр бас кофены үнэртэй нийлэн үнэртэж хэлж боломгүй тийм нэг тайвшралыг төрүүлж байв. Харин тэдний ширээний вааранд хөх ягаан өнгийн хонин нүдэн цэцэгс байв. Удалгүй зөөгч эмэгтэй цэс тэмдэглэх дэвтэртэйгээ цуг өөрийн биеэ авчрав. Чихнийхээ ард хавчуулсан балаа аваад ар талыг нь тогшин <<Захиалгаа өгөх үү?>> хэмээн ялдамхан асуув. Бүсгүй амаа жимийснээ

– Чи өглөөний цайгаа уусан уу?

– Юу … үгүй ээ.

– За тэгвэл хоёр өглөөний цайны багц. Тэгээд уух юм гэвэл хар кофе. Чихэр битгий хийгээрэй.

Зөөгч эмэгтэй ихэд хичээнгүйлэн бичиж аваад залууруу харцаа шилжүүлэхэд тэр сандран  <<Юу … адилхан өгчих дөө.>> гэхэд зөөгч толгой дохин цааш явлаа.

– Хар кофенд дуртай юм уу? Би бас дуртай. Би ер нь байгаа юмыг байгаагаар нь л байлгах дуртай. Хэрэгтэй хэрэггүй баахан хольц нэмж тэр зүйлийнхээ бодит мөн чанарыг алдагдуулаад шал дэмий юм хийж байгаа юм шиг санагддаг. Тийм хүмүүсийг чинь юу гээд байдаг билээ? Аан нөгөө … Би ер нь нэг төрлийн идеалист хүн байхаа. Чи юу гэж бодож байна? хэмээн гунигт автаж байсан бүсгүй гэнэт л баахан үг урсгав.

– Идеалист биш Реалист уу? гэж залуу түүний жижиг алдааг өхөөрдөн инээмсэглэв.

– Айн?

– Чиний ярьснаар бол чи зүйлсийг оршин байгаагаар нь хүлээн авах дуртай. Тэгэхээр энэ чинь реалист шүү дээ. Бодит байдлыг эрхэмлэгч.

– Аан тийм би андуурчихаж. гээд ичсэн байртай инээгээд чимээгүй болов. Тэр цонхруу ширтэн бүрхэг тэнгэрлүү нэг хялам хийчихээд санаа алдав.

– Яагаад байн байн тэнгэрлүү хараад байгаа юм?

– Зүгээр л тэнгэр цэлмээсэй.

– Би чинь чамайг нисдэг таваг харах гээд л ингээд байн байн тэнгэрлүү хараад байгаа юм байх гэж бодлоо. гээд түүгээр тоглоом хийв.

– Харь гарагийнхан байдаг гэдэгт итгэдэг хэрэг үү? гэж бүсгүй үл итгэсэн байртай инээнгээ асуув.

– Магадгүй ээ.

– Тэд ямар дүр төрхтэй байдаг бол? Бид нартай адилхан болов уу?

– Сайн мэдэхгүй л юм. Гэхдээ тэдний талаар нэг зүйлийг бол гарцаагүй мэдэж байна.

– Тэр чинь юу юм?

– Харийнхний нүдээр хүмүүс бид нар ч гэсэн харийнхан гэдгийг.

Бүсгүй ахиад л чанга инээж <<За тэгвэл нисдэг таваг харвал хамгийн түрүүнд чамд хэлнээ>> гээд жуумалзав.

Ваартай цэцэгний ард дэлбээлэх бас нэгэн үзэсгэлэн төгөлдөр цэцэг. Түүний инээх нь энэ бүрхэг тэнгэрийг цэлмүүлэхгүй. Эргээд урин дулаан хаврын улирлыг авчирч он цагийг ухраахгүй бас зогсоохгүй. Ямартай ч сэтгэл дотор нь хурсан тэр хар бараан үүлсийг шидийн юм шиг зайлуулж чадах тийм хүчтэй гэдэгт залуу бат итгэлтэй байв. Залууг ийн бодон суухад зөөгч эмэгтэй ширээн дээр захиалсан зүйлсийг авчран тавиад эелдэгээр цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүсээд алга болов. Бүсгүй аягатай кофег гартаа атган үе үе хумсаараа тогшино. Залууг аягатай кофеноос амсахаар ухасхийхэд бүсгүй тэрэнд дараагийнхаа асуултыг тавив.

– Чи тэгвэл аль нь вэ? Идеалист уу? Реалист уу?

Халуун кофе сайхан үнэртэж байсан ч төсөөлснөөс илүү гашуун байсанд залуу хахаж, нүдээ жартайлган ярвайв.

– Идеалист юм байна. Миний зөв үү? гэж бүсгүй нүдээ томруулан залуугаас хариулт эрсэн харц чулуудав.

Залуу гашуун амтыг дарахын тулд таваган дээр байсан өргөст хэмхийг амандаа хийн зажилж байснаа

– Яагаад тэгэж бодоов? гэж асуултыг асуултаар хариулав.

– Яагаад ингэж бодсон бэ гэхээр эхлээд чи над шиг хар кофенд тийм ч таатай хандах хүн биш гэдгийг чиний наад ярвайсан царайнаас харж болох юм. Хоёрт гэвэл чи харь гарагийнхний талаар ярьсан. Ингээд л тэгэж бодлоо.

– Чиний зөвөө. Би идеалист хүн байх.

– Гэхдээ л идеалист хүмүүс орчин тойрны юмсын мөн чанарыг алдагдуулчихдаг.

– Ямар ч зүйлд мөн чанар гэдэг зүйлийн  жижиг хэлтэрхий нь ч болтугай заавал байсаар л байдаг юм даа.

– Өөрөөр хэлбэл чи бодит бус байдлыг эрхэмлэгч юм байна. гээд бүсгүйгийн нүд сэргэн чанга дуугаар хэлэв.

– Хоёулаа ч хурдан ойлголцож байна шүү. гэж хэлэхэд бүсгүй үл ялиг инээмсэглээд кофеноосоо балгав. Залуу түүний  кофегоо уухыг ажиглаад, өөрөө коферуугаа гараа сунгасан ч дахиж ууж зүрхлэхгүй тул уруулаа атийлгаад зүгээр л аягатай уснаасаа балгав.

Дулаахан харилцаагаар өрнүүлсэн яриагаа тэд сэрүүхэн гудамжинд үргэлжлүүлэв. Бүсгүй залуугийн асуусан асуултанд хариулан үе үе тэрэнрүү харж зөөлөн инээмсэглэнэ. Харин залуу бүсгүйн цамцны халааснаас цухуйх өнөөх дугтуйтай захиаг хараад түүнийгзахиагаа уншаад бүү гуниглаасай гэж тэрүүхэндээ хүсэмжлэн бодно. Түүний гэр хаяанд ирэхэд залуу

– Өглөөний цайгаар дайлсанд баярлалаа. гэв.

– Баярласан бол дараа намайг дайлаарай.

– Дараа гэж … хэзээ?

– Хэзээ ч байсан яахавдээ.

– За тэгвэл дараа нь заавал дайлнаа.

– Заза тэгвэл дараа уулзацгаая. Өнөөдрийг минь гэгээлгээр угтаж өгсөнд баярлалаа.

Бүсгүй ингэж хэлээд гараа далласаар эргэж харан гэрлүүгээ орлоо. Залуугийн дэргэд түүнээс ганц анхилам сүрчигний үнэр нь л үлджээ. Түүний гэрийн хажууд хашаа налуулж тавиад орхисон дугуйгаа тэр уналгүй зүгээр л энэ тэрийг бодон алхахаар шийдэв. Зүүдэндээ ч түүнтэй ярилцаж чаддаггүй тэр бүсгүйн өнөөдрийн эелдэг саналаас татгалзаагүйдээ өөртөө анх удаа л тэр ийм сэтгэл хангалуун байла. Дэндүү баярласандаа тэр дугуйгаа унан амандаа дуу аялаж урагш жирийлээ.

Дараагийн захиа тэр өдрөөс хойш яг 7 хоногийн дараа ирэв. Зуршил ёсоор тэр захиаг маш цэвэрхэн задлаад хос хоёрын хувийн орон зайг нууцаар өнгийн харлаа.

– … Юм бүхэнд цөм гэж бий. Дэлхийн татах хүч шиг эсвэл хурдлан давхих галт тэрэгний зам шиг юм болгонд л цөм оршиж буй. Магадгүй чи би хоёрын хувьд энэ цөм нь хайр байх. Чамайг чиглүүлж бас зогсоох хүч нь хайр мөн байх. Гэхдээ бидэнд Нюьтоны төвөөс зугтах хүч ч үйлчлэх үе байдаг. Хэн ч анзаарахгүй цаг хугацаанд жигд хурдтайгаар цөмөөс тасарч холдон оддог шиг. Харин бид энэ цөм нь болж өгсөн хайраас өдөр хоног  өнгөрөхийн хирээр алхам алхамаар холдож дөлж байна.

“Чамд хайр байсан цагт өөр юу ч хэрэггүй мэт санагдана. Харин хайр үгүй бол өөр юу ч байгаад хангалтгүй мэт санагдана.”  – Ж. Берри

Энэ хүн нэгэн цагт ингэж хэлж байжээ. Тэр яг ийм голыг нь оносон агуу өгүүлбэр хэлэхдээ тэр үед юу мэдэрч байсан бол? Минийхтэй адил мэдрэмж энэ хүнд төрж байсан болов уу? Хажууд бүх зүйл хэзээд бэлэн байдаг ч нэг л тийм увайгүй гуйлгачин шиг хоосорсон мэдрэмжийг тэр мэдэрч зовж байсан болов уу? … Гэсэн ч би энэ хүнийг тэр бүх зовлонт мэдрэмжийн дараа дахин хөл дээрээ босч эдгэсэн гэдэгт итгэж байна. Миний ажил энд байгаа учраас би наад газарт чинь очиж чадахгүйтэй адил чиний ажил наана чинь байгаа учраас чи нааш ирж чадахгүй. Тиймээс надаас холдсон чиний төлөө зовж байгаа би хэзээ нэгэн цагт эдгэнэ гэдэгтээ ч бас итгэл төгс байна.

Холбоо тасраагүй хэдий ч цөм хэтэрхий хол оджээ. Ингээд энэ бүхнийг эцэслэе.-

Залуу захиаг дугтуйнд нь буцааж нямбайлан эвхэж хийгээд уртаар санаа алдав. Ялдамхан түүнд хатуу үгс үргэлжлэн иржээ. Залуу гэрээсээ гаран дугуйгаа унаад түүний гэрийн зүг бодолд автсан байдалтайгаар хөдөллөө. Тэр замын туршид ганц л зүйл бодож байв. Дурлалт залуугаасаа ирэх захиаг хоног тоолон хүлээж гэрийнхээ гадаа захиа зөөгчийг хүлээж зогсдог тэр өнөөдөр харин гадаа байсангүй. Үргэлж захиаг нь гарт нь атгуулж байж явдаг залуу ч захиаг гэрийнх нь гадаа үлдээгээд явсангүй. Онгорхой байсан хашааны хаалгаар тэр ороод түүний гэрийн хаалганы өмнө нүүр тулж зогслоо. Хонхыг нь дарах гэж байснаа түр азнаад бариулаас барин онгойлготол онгойчих нь тэр. Хаалга нь онгорхой байсанд залуу бүсгүйд санаа зовж дотогш орлоо. Үүдээр орж ирэхэд башир цэцгийн анхилам үнэр үнэртэж цааш яван гэрийг нь тойруулж харлаа. Том ч биш, жижиг ч биш юм. Зочны өрөөнд бор савхин буйдан байх бөгөөд түүний урд талын хананы өмнө энэ тосгонд тоотой хэдхэн л байдаг зурагт байв. Өрөөний голдох дөрвөн хөлтэй намхан цайвар шаргал ширээн дээр гэлтгүй ер нь энд тэнд баахан цаас харандаа бас бус зүйлс хөглөрсөн байлаа. Үүд дагасан ханыг түүний жаазтай зурагнууд эзлэх бөгөөд тэдгээр зурагнуудын ихэнх нь дурлалт хүнтэйгээ авахуулсан зурагнууд байв. Хайрт бүсгүйдээ хатуу үгсийг харамгүй илгээдэг тэр нэгэн эрэгтэйг залуу сайн харж авлаа. Эмэгтэй хүний хоолойгоо засах дуунаар тэр цочиж эргэн харвал бүсгүй гайхсан байртай зогсож байлаа.

– Чи яаж орж ирсэн юм?

– Намайг ирэхэд хашааны хаалга бас гэрийн чинь хаалга хоёулаа онгорхой байсан.

– Өөө би тэгвэл түрүүн гүйчихээд орж ирэхдээ дутуу хаачихаж л дээ. гээд толгойгоо зөөлхөн цохиод инээмсэглэн <<Тэнд сууж бай. Би цай хийгээд өгье>> гэлээ.

Бүсгүй ирмэгийг нь ягаанаар эмжсэн цагаан аяганд самарны цуглуулагатай цай хийж залууд өглөө.  Тэр хоёр өөд өөдөөсөө харан чимээгүй суух бөгөөд өрөөнд халуун цайг оочлон уух чимээ, аягаа ширээн дээр тавих чимээ хоёр ээлжлэнэ. Бүсгүй дугуй захтай цагаан цамцан дээрээ номин ногоон өнгийн нимгэн ноосон цамц өмссөн байх агаад доогуураа шаргал өнгийн урт дэрвэгэр юбка өмсжээ. Үсээ оролдон суух бүсгүй түрүүлж ам нээлээ.

– Ийм замбараагүй орчинд угтаж авсанд уучлаарай. Манайх дандаа л ийм байдаг юм.

– Зүгээр дээ. Энд тэндгүй цаас харандаа байхыг бодвол чи зураач мэргэжилтэй юм шиг байна.

– Дөхөж л байна.

– Ойлгосонгүй.

– Би манга зурдаг. Мангака гэсэн үг л дээ. гээд инээмсэглэв.

– Хоёулангийнх нь ажилд ижил төстэй зүйл байна шүү. гээд түүний өөдөөс хариу барин инээмсэглэв.

– Юу тэр вэ?

– Хоёулаа л адилхан бичиг цаастай зууралддаг юм байна. гээд цүнхнээсээ бүсгүйд зориулсан захиаг гаргаж ирэн ширээн дээр тавин түүнд өглөө. Бүсгүй инээд алдаж

– Нээрээ тийм байна шүү. гэв.

– Заза тэгвэл би одоо ингээд явъя даа.

– Цайгаа тайван уугаад суу л даа яарах ажилгүй бол.

Залуу буцаад суудалдаа суун цайгаа уух зуураа түүнийг ажлаа. Түүний захиаруу харах харц зовнингуй. Бүсгүй доод уруулаа хазлан байснаа гүнзгий гэгч нь амьсгаа аваад захиаг залуугийн өмнө задлан уншиж эхэллээ. Захиан дээр юу гэж бичсэн байгааг хэдийн мэдэх залуу бүсгүйн нүдийг хараад л яг аль мөрөн дээрээ явж байгааг тааварлаж байв. Бүсгүйн харц сүүлийн мөрөн дээр ирэхэд сувдан нулимс түүний хацрыг даган бөмбөрөөд энэ бүхнийг эцэслэе гэсэн цор ганц аймшигт үгэн дээр дуслаа. Бүсгүй захиаг барьсан хэвээр суудлаасаа босоод өөр өрөөнд орон хаалгаа хаалаа. Түүний нулимсийг харсан тэрээр яах учраа олсонгүй. Гарцаагүй уйлан шаналж суугаа түүн дээр очин тайтгаруулах ёстой юу? Эсвэл зүгээр л ганцааранг нь орхин эндээс явах ёстой юу? Эргэлзээн дунд гараа атган суусаар бараг нэг цаг өнгөрчээ. Эцэст нь явахаар суудлаасаа өндийтөл бүсгүй ч нэг өрөөнөөс гарч ирлээ. Нулимстай нүдтэй гунигт хоолойтой бүсгүй залуугаас ийн асуув.

– Нөгөө…чамд утас байна уу?

– Надад байдаггүй юмаа. Гэхдээ би чамд холбоо барих утас олж өгч чадна.

– Тэгвэл тэгэж туслаач.

– За тэгвэл явцгаая. Манай ажил дээр суурин утас байдаг юм.

Замын туршид бүсгүй залуугийн цамцнаас зууран нулимсаа тэвчиж явлаа. Шуудангийн газрын гадаа ирэхэд сул биетэй болсон тэрээр арайхийн л алхаж буй харагдлаа.

– Үүгээр ороод баруун талын хананд өлгөөстэй байгаа. гэж залуу хэлэхэд бүсгүй сул дуугаар <<За>> гэлээ. Залуу бүсгүйг хаалгаар орохоос нь өмнө

– Хүлээж байх уу? гэхэд бүсгүй эргэж харан инээмсэглэхийг оролдоод толгой дохив.

Залуу түүнийг гэгээ тасартал тэнд хүлээж зогслоо. Цэлмэг байсан тэнгэрийг бараан үүлс аажмаар нөмөрч нэг мэдэхэд л тэнгэрт борооны үүл хуралдсан байв. Залуу ажлынхаа газрын цонхоор түүнийг гаднаас тольдвол бүсгүй харилцуурыг гартаа чанга атгаж хуруугаа оролдох нь харваас түгшиж буйг нь илтгэнэ. Ажил хаах цагаар тэр гарч ирлээ. Бүсгүйн нулимс урсахад тэнгэрээс нэг дусал бороо газрыг тогшив. Тэр доош суун өвдөгөө тэврээд цурхиран уйлж эхэллээ. Бороо асгарав. Залуу борооноос зайлан бүсгүйн дэргэд очиж зогсов. Түүний уйлах чимээ нь тэрний амьсгалыг боогдуулах шиг болж түүнийг хараад залуу яаж ч чадсангүй. Бүсгүй <<Холбоо тасарчихлаа>> гэж хэлээд бүр мэгшин уйлав.

Одоо тэр хоёрт тэнгэр хэзээ цэлмэхийг хүлээх л үлдлээ.

Бүсгүй гунигладаг ч үүнийгээ захиа зөөгч залууд мэдэгдүүлдэггүй байв. Учир нь тэр өдрөөс хойш залуу бүсгүйгийн дэргэд үргэлж байж түүнд гуниглах нь битгий хэл  санаа алдах ч завдал өгөхгүй байхыг хичээдэг болсон юм.  Иймээс бүсгүй тэрний энэ их хичээл зүтгэлийг зүгээр салхинд хийсгэчихэж чаддаггүй билээ. Өдөржингөө тэрэнтэй хамт цагийг өнгөрүүлдэг болсон ч орой гэртээ ирэх үедээ тэрээр маш их ганцаардаж нууц байсан гунигаа ил гарган шаналдаг байв. Харин тэр нэг цахилгаан тасарсан орой залуу яалтчгүй түүний гэрт түүнтэй хамт байж таарлаа. Тэр хоёр гартаа нэг нэг хундага улаан дарс барин цонхруу харан сууж шөнийн тэнгэрийг ажиглана. Цонхны тавцан дээр асаасан лааны гэрэлд бүсгүйн царай шаргалтаж, дарсыг харлуулж харагдуулна. Нэг хундага дарс нь нэг шил дарс болон хувирах үед тэр хоёр дуу орон олон зүйлсийн талаар ярилцаж эхлэв. Бүсгүйн сэтгэлээсээ инээхийг хараад залуу маш их баярлаж дахин дахин түүнийг инээлгэнэ. Нүдний өмнүүр гэрэл гялсхийж тог ирлээ. Залуу нүдээ гэрэлд дасгаж байгаад бүсгүйрүү харвал түүний хоёр хацар  улаа бутарч өөртэй нь адилхан нүүрний хувирал гаргасан байлаа. Залуу хундагаа цонхны тавцан дээр тавиад тог ирсэн болохоор явахаар шийдэж бүсгүйд хэлтэл бүсгүй тэрнийг сандалд нь буцааж суулгаад хундагыг нь гарт нь дахин бариуллаа. Тэгээд  дүнгэнэн дуугарах хөргөгч зэрэг бүх л цахилгаан хэрэгслээ салгаад эцэст нь бүх гэрлээ унтраагаад байсан газартаа эргэн ирж суулаа. Залуу түүнээс юу хийгээд байгааг нь асуухад тэрээр тог ирээгүй гээд л бодоцгооё хэмээн хариулаад хундагаа залуугийн хундагатай тулгав. Үүр цайж нар мандахын үед түүний амьсгал нэгэн хэмийн жигд болоход залуу бүсгүйг унтаад өгсөн гэдгийг ойлголоо. Залуу түүнийг тэврэн оронд нь оруулж өгчихөөд дэргэдээс нь маш удаан харж сууж байгаад гэрээс нь гарч явлаа.

Шөнөжингөө хамт сууж юм ярьсан тэр өдрөөс хойш тэд ихэд дотносжээ. Бүсгүйн сэтгэлийн шарх бага багаар аньж, залуу ч хүчин чармайлтаа зогсоолгүй үргэлжлүүлсээр байв. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр залууд нэг зүйл ойлгомжтой болж эхлэв. Эхэндээ бүсгүй тэрэнд таалагддаг байв. Удалгүй түүнд татагдаж эцэст нь залуу бүсгүйд дурлажээ. Аз жаргалтай өдрүүд дунд түгшүүр зарласан өдөр зүсэн орж ирлээ. Залуу хүргэж өгөх ёстой захиануудаа янзлан зогсож байхдаа танил болсон маркийг олж харав. Залуу үгүй байх хэмэн найдаж байсан ч тэр захиа бүсгүйн хуучин хайртаас иржээ.

-…Чи дэргэд байхгүй болохоор надаас нүүр бууруулсан хорвоо ертөнцөд яах учраа олохгүй бүдчиж, бүх зүйл ямар ч утга учиргүй сонирхолгүй санагддаг боллоо. Бидний хайрын төлөө энэ бүх хугацаанд ганцхан чи минь тэмцэж, харин би арагш ухарч хойроглон суудаг байж. Хичээдэггүй байсныг минь уучлаарай. Чамд хэлсэн хатуу үгс болгоныг минь уучлаарай. Санаж байна. Наддаа эргээд ирээч.-

Захиа өдөр алгасалгүй ар араасаа цувран ирсээр. Залуу харин энэ захиануудыг бүсгүйд өгөх гэж яарсангүй. Учир нь тэр айсан юм. Энэ захиаг уншвал өөрлүү нь арай гэж эргэж байгаа зүрх бүтэн эргэж чадалгүй яваад өгчих учраас тэр. Тэр эрэгтэй өөрийнхөө аз жаргалыг зүгээр л явуулчихсан атлаа одоо буцаад түүнийгээ нэхэх юм. Тэр бол чадахгүй. Өөрт нь арайхийн ирсэн аз жаргалын хаалгыг тэр тогшилгүйгээр хэзээ ч орхихгүй. Залуу бүхнийг бүсгүйгээс нууцлахаар шийджээ.

Тэнгэрийн хаяа улайран тэртээд нар жаргаж орчин тойрныг өөрийн давтагдашгүй өнгөнд автуулна. Далайн давалгаа эрэгрүү нэг туугдан ирж нэг хойш татрана. Бүрий болох тусам эрэг дээр олон хүмүүс цугларч, хэсэг бүлэг нь галын наадамд бэлдэн мод босоцгооно. Балчир жаалуудын шуугилдах чимээнээр цахлай шувууд тэдний дээгүүр эргэлдэн ниснэ. Зузаан нөмрөг нөмрөн салхины өөдөөс эрхлэн суух бүсгүй дээр залуу инээмсэглэн ирлээ. Гартаа барьсан хоёр шил шар айрагныхаа нэгийг нь бүсгүйд өгөөд хажууд нь зэрэгцэн суув. Намрын сүүлийн сарын сэрүүн салхи эргэн тойрны үнэрийг хаман хойд зүгрүү салхилна. Залууд нэг бол далайн үнэр, эсвэл настай эмэгтэйн шарах шарсан махны үнэр үнэртэнэ.

– Даарч байна уу? гэж залуу бүсгүйн нөмрөгийг засан асуув.

– Үгүй ээ. Ийм сайхан өдөрлөгт дагуулж ирсэнд баярлалаа.

– Манай эндэхийн хүмүүс улирал болгоны сүүлээр иймэрхүү арга хэмжээ зохион байгуулдаг юмөө. Бараг уламжлал болсон гэх үү дээ.

– Тэгэхээр намрын улирлын үдэлтийн үдэшлэг юм байна. гээд бүсгүй инээмсэглэв.

– Нэг юм асууя?

Бүсгүй залууруу хараад зөвшөөрсөн шинжтэй толгой дохив.

– Чи яагаад ийм жижиг дүүрэгт ирж суурьшсан юм?

– Зүгээр л ажлаа хийх тайван орчин хэрэгтэй байсан юм. гээд бүсгүй уруулаа жимийн дуугаа хурааснаа залууруу хараад

– Тэглээ ч би ийм хүмүүс нь тайван, орчин нь тогтуун газар байхыг хүсдэг. Үнэхээр сэтгэлд амар байдаг юм. гэлээ.

– Манай дүүрэг ч амгалан л даа. Гэхдээ заримдаа хэтэрхий уйтгартай санагддаг үе бий. гээд залуу шар айрагнаасаа уув.

– Одоо тэгвэл би нэг юм асууж болох уу?

– За асуу л даа.

– Яагаад захиа зөөгч хийдэг юм?

– Харин л дээ … хүмүүст жаргалыг түгээдэг болохоор нь юм болов уу? гээд залуу хэлсэн үгэндээ өөрийгөө шоолон инээхэд бүсгүй харин тээнэглэзсэн харцыг тодруулав. Бүсгүй хэдэн сарын өмнө ирсэн захиаг санан гунигт хоолойгоор тэрний бодлыг няцаав.

– Захиа болгон жаргалтай хамт ирдэггүй шүү дээ.

– Уучлаарай.

– Чиний буруу гэж юу байхавдээ. Тэр ч гэсэн надтай адил ажлаа сонгоод тэндээ үлдсэн төдий. Хайр гэдэг нэг нь хичнээн хичээсэн ч, нөгөө хүн нь сэтгэл гаргахгүй л бол хэзээ ч бүтдэггүй эд юм байна.

Залуу хариу хэлэлгүй зүгээр л түүнийг сонсож суув.

– Тэр хүн хүртэл надаас уучлал эрээгүй байхад чи надаас битгий уучлал гуй. Чи дэндүү сайн хүн юм.

Тэднийг хоорондоо ийнхүү маш удаан ярилцан сууж байхад аль хэдийн өнөө оройны гол үйл явдал эхлэх гэж байлаа. Гал тойрон хүмүүс цугларч бүгд л тэнгэр өөд ширтэнэ. Шөнийн одод бас хүмүүнийг дээрээс тольдож гялалзан анивчина. Удалгүй салютнууд ээлж дараалан дээш харваж, тэнгэрийн дэвсгэрийг янз бүрийн өнгөөр будна. Бүсгүй баярлаж алгаа хоорондоо хавсран дороо дэвхцэнэ.

– Тэнгэрт дэлгэрч байгаа цэцэгс шиг…

– Одоо яая гэж бодож байна? хэмээн залуу бүсгүйд асуулт тавив.

– Бороотой хамт сааралтсан гунигаараа энэ улирлыг үдье дээ. гээд тэр сулхан инээмсэглэв.

Залуун гар аажимаар бүсгүйн гарт хүрч эелдэгхэн хөтөллөө. Бүсгүйг өөрлүү нь харахад залуу түүний хацарнаас барин духан дээр нь үнсэв. Тэдний зүрх хэн хэнд нь сонсогдохоор чангаар булгилан цохилж байв. Залуу ингээд зогссонгүй. Энэ удаа тэр нүүрлүү нь дахин ойртож уруул дээр нь үнслээ. Түүний үнэрт мансуурч залуугийн уруул бага зэрэг чичигнэв. Бүсгүй харин тэрний дулаан илчэнд дулаацаж нүдээ анин өөдөөс нь хариу үнслээ.

Будран орох цасан ширхэгээр өвлийн эхэн сарийн нэгэн өглөө эхэллээ. Залуу нүүрэндээ инээд тодруулсаар зүүднээсээ сэрэв. Хэдэн өдрийн өмнө болсон явдал зүүд мэт санагдаж залуу амандаа дуу аяалсаар гэрээсээ гарч явлаа. Дугуйтайгаа гудмаар уруудан буухдаа тэрээр түүнд зориулж өчигдөр шөнөжин сууж бичсэн захиагаа халаасандаа байгаа эсэхийг байн байн шалгасаар цэцгийн дэлгүүрний гадаа зогсов. Тэр цэцэгсрүү жуумалзан харж түүнийг санагдуулсан цэцгийг сонгон худалдагчаар баглаа бэлдүүллээ. Жаргалтай бодолдоо магадгүй жаргалтай ирээдүйд хөтлөгдөн тэр түүний гэрийн хаяанд бараг дөхөж очлоо. Гэвч тэрний инээмсэглэсэн төрх булан тойроод алга болчихов. Бүсгүйн гэрийн гадаа машин зогсох бөгөөд машины хамрыг налан нэгэн эрэгтэй гараа өмднийхөө халаасанд хийгээд зогсож байх нь тэр. Өөрийнх нь энэ насандаа хэзээ ч өмсөж чадахааргүй хослолыг өмссөн тэр эрэгтэйг бүсгүйн хуучин хайрт мөн гэдгийг залуу танив. Удалгүй хашааны хаалга дугарч бүсгүй гарч ирлээ. Түүнийг гарч ирэхэд эрэгтэй халааснаасаа гараа аван бүсгүйн урд очлоо. Захиа зөөгч залуу хойш хэдэн алхам ухраад тэднийг булангийн цаанаас ажиглан зогсов. Бүсгүй уцаарлаж эрэгтэйрүү ууртай харцаар харах бөгөөд үе үе ширүүн дуугарах нь залууд сонсогдоно.

– Яагаад ерөөсөө хариу захиа илгээхгүй байгаа юм? гэж тэр цөхөрсөн аястай дуугаар хэлэв.

– Ямар захиа? гэж бүсгүй гайхан асуув.

– Сүүлийн нэг сар би чамруу 12 удаа захиа илгээсэн. Ганц ч хариу ирээгүй.

– Надад ямар ч захиа ирээгүй шүү дээ. хэмээн бүсгүй илт гайхсан байртай амандаа бувтнахад түүний нүдэнд нэг зүйл торхийх шийг болов.

Үүнээс хойшхи тэдний яриа залууд сонсогдсонгүй. Хана налан амьсгаагаа даран зогсох тэр тэдний зүг дахин харвал бүсгүйн харцтай тэртээгээс туллаа. Бүсгүй балмагдсан бас урам нь хугарсан аятай залууруу удаан ширтэж байгаад урд нь зогсох ганган эрэгтэйрүү харцаа шилжүүлэв. Залуугийн зүрх дэлсэж хөл нь сулбайн хана налан доош суулаа. Бүсгүй үнэнийг мэдсэнд тэр маш их айж байв.  Цаг хугацаа зогсчихсон юм шиг эргэн тойрон нам гүм болсон мэт залууд санагдаж байв. Залуу ухаангүй болжээ. Тэр ухаан нь машины асах чимээнээр эргэн ирж, тэр хурдхан шиг өндийн холдон одох машины араас дугуйтайгаа жирийлээ. Тэр бүсгүйн нэрийг хичнээн мянган удаа чарлан орилж дуудсан боловч тэр бүсгүй яг л нэргүй мэт хэзээ ч эргэж харалгүйгээр алсыг зорин алга боллоо. Ядарч сульдаж амьсгаадсан залуу газар сөхрөн сууж нулимстай нүдээр түүнийг үдэж өгөв. Залуу яаж буцаж гэрийн зүг явснаа санахгүй байлаа. Тэр түүний гэрийн гадаа зогсож байв. Бүсгүйн тухай бодол залууг эзэмдэж тэр түүнтэй хамт байсан хором мөч бүхнээ эргэн дурсав. Тэр адгийн захиануудыг хэрвээ түүнд өгсөн бол бүсгүй яваад өгчих байсан. Гэсэн ч захиануудыг өгөөгүй байсан ч тэр яваад өглөө. Ямар ч үед тэр явах байсан юм гэж үү? Сүүлд өөрлүү нь яаж харж байсан нь залууд байн байн бодогдож тэрнийг өргөст уяа бүчин орооно.Тэгээд дугуйгаа түрэн ямар ч хүсэл зорилгогүй хүн болон хувирч шаналалд уусан алга болов. Бүсгүйн хоолой тэрний чихэнд цуурайтаж одоо ингээд сэтгэлийг нь гижигдэх төгөлдөр хуурны намуухан аяз ч үгүй болохыг тэр анзаарсан ажээ. Залуугийн түүнд зориулж бүх сэтгэлээ шингээн бичсэн захиаг бүсгүй хэзээ ч уншихгүй. Өрөөл бусдынхыг унших ч ганцхан залуугийн захиаг тэр хэзээ ч уншихгүй. Ингэж бодоход тэрний нүднээс нулимс унаж тэр шаналалдаа живж эхлэв. Тийм ээ… Зүүд биелэлээ олдог хэдий ч хар дарсан зүүд хүртэл биелэлээ олдог гэдгийг мартаж орхиж.

Нэгэн бүсгүйн гэрийн гадаа хатсан цэцгийн баглаатай хамт гандсан дугтуйтай эзэнгүй захиа тэр л хүнийг хүлээн үхлүүт хэвтэнэ.

6 thoughts on “Tℏ∄ ℒ∄TT∄R

  1. Энэ хүртэл хичээж ирсэн тэр зүйлүүд зүгээр л замхран алга боллоо гэж үү? 😭😭😭
    Хайрыг физикийн хуультай зүйрлэсэн нь үнэхээр гайхалтай санагдаж бна.
    Би тийм ч уран цэцэн биш болохоор өөрт мэдрэгдэж бгаа энэ мэдрэмжээ илэрхийлэх хэцүү юмаа 😅

  2. Залуу тэр бүсгүйн шархалсан зүрхийг эдгээж, ганцаардлыг нь үлдэн хөөсөн ч сэтгэлийг нь бүрэн эзэмдэж даанч чадсангүй. Тэр бүсгүй өөрийн сонголтыг хийж дэргэд нь байсан залуугаас явж одсон ч чин зүрхнээсээ бичсэн тэр захиаг хэзээ ч уншихгүй гэдэг үнэн л хамгийн гунигтай нь юм. Хөнгөн гуниг, ухаарал, харамсал төрүүлсэн өгүүллэг болжээ. Баярлалаа ❤

  3. Вуахх үнэхээр гайхалтай тэр зүйрлэл ишлэл үнэхээр гайхалтай үнэхээр сайн болжээ
    Төгсгөлийг нь уншаад нулимс урссанаа нуух юун өдий хүртэл хичээж зүтгэж ирсэн тэр бүх зүйл ингээд замхарч байгаа нь үнэхээр харамсалтай зөвхөн арай гэж олдсон хайраа алдахгүйн тулд л хийсэн өчүүхэн алдаа шүү дээ

Сэтгэгдэл бичих