changwookaaaa

TEARSDAY

… Тэр үгээ гүйцээхээс өмнө хаалган дээр өлгөсөн хонх жингэнэн нэгэн залуу орж ирэв. Бас л гунигтай харцтай юм. Тэр залуу хажуугийн сандал дээр суугаад уртаар санаа алдлаа. Канжун саяхан хандалсан кофегоо түүний урд тавиад “ Тэр явчихсан уу? ” гэхэд түүний үгийг зөвшөөрөх мэт толгой дохив. Тэдний ярианаас үзэхэд сая орж ирсэн залуу ч бас хагацал амсжээ. Би тэрний нүдийг харж чадсангүй, тэр толгойгоо доош гудайлгах бөгөөд цөхрөл нь түүнийг бүхэлд нь хуччихаж. Гадаа бороо зогсож үүлэн чөлөөний завсраар нар сүүмийн үзэгдэнэ. Тэнгэрийн хаяанд солонго татсан ч газарт хүрж чадсангүй. Орчлон хорвоо түүний хувьд хэтэрхий хол байгаа бололтой. Солонго бүрхсэн тэнгэр юутай үзэсгэлэнтэй харагдана вэ? Гэсэн ч гуниг минь арилсангүй.

– Би тэрнийг дахиад л алдчихлаа. Арван жилийн дараах зун ингэтлээ намайг дааруулна гэж санасангүй.

– Чи тэрний араас явж болно шүү дээ.

– Тийм л дээ. Гэхдээ яг одоо чадахгүй нь. Театрт би хэрэгтэй, надад ч ажил минь хэрэгтэй. Би дөнгөж л байр сууриа олж байна. Тийм байхад бүх зүйлээ хаяад тэрний араас явна гэхээр….

– Тэгээд чи Ёримийг (여름 – Ёрим -Зун) алдаж чадах юм уу?

Тэд хоёул дуугаа хураав. Би тэдний яриаг сэм чагнаж байгаадаа харамсаж байсан ч түүний хагацал надад бүр харамсалтай байлаа. Би дэвтэртээ шинэ хуудас нээгээд дахин нэг хагацалыг төсөөлж эхлэлээ.

Солонгон бүрхүүл

Англи улс Лондон хот өглөөний 8 цаг. Бусад өдрүүдийн адилаар цэлмэг тэнгэрийн дорх Аргаял гудамж хэдийн хөл хөдөлгөөнд орсон байлаа. Дипломат хувцасласан ноёд хатагтай нар цаг хугацаатай уралдан гүйх шахам алхаж гар утсаа гарнаасаа салгахгүй байгаа нь ирэх дуудлагад шууд хариулахад бэлэн байгааг нь илтгэнэ. Метронд суухаар нүхэн гарц руу хүмүүс орсон ч төдий хэмжээний хүмүүс бас замын эсрэг талын нүхэн гарцнаас гарч ирцгээнэ. Энэ нь тэдний хувьд өөр ертөнцрүү очих виртуал хаалга аятай ч байж болох юм хэмээн ямар ч өгүүлэлгүй харцтай залуу найзынхаа “Book café” дотроос харан зогсож байлаа. Tэрний найз урдаа дэлгэж тавьсан номноосоо харцаа салгаж үл чадан арай гэж  Чанүгын захиалсан Американо-г өглөө. Залуу найздаа номонд нь хөл ургаад чамаас зугтаад явчихгүй хэмээн хэлээд мөрлүү нь алгадаад чихэвчээ зүүсээр гарч одлоо. Тэр бусдын адил нүхэн гарц руу уруудсангүй бас гараа өргөн зогсож такси хүлээсэнгүй. Зүгээр л  өглөөний цэнгэг агаарыг шинэхэн кофены амттай цуг мэдрэн алхлаа. Энэ кафе шоп-с тэрний ажил хүртэл алхахад яг 40 минут болдог. Хэрэв дугуйтай бол хорин минут. Булан тойрон эргэхэд улсдаа төдийгүй дэлхийд танигдсан алдарт “Pallаdium Theatre” сүндэрлэн харагдаж байлаа. Чанүг замдаа тааралдсан хэд хэдэн театрын ажилчидтай толгой дохин мэндчилээд хурлын том танхим руу явлаа. Тэр амнаасаа шаардлагагүй л бол үг унагаад байдаггүй чимээгүй төрлийн хүн. Театрын зураач гэх бодол дотроо ажиллаж, тэр төсөөлөллөө тайзан дээр бодит биет болгодог энэ мэргэжил нь тэрнийг ийм чимээгүй болгосон байх. Эсвэл бүр эсрэгээрээ энэ зан чанар нь уг мэргэжлийг сонгоход хүргэсэн байж магад. Юмс яаж ч эргэж болно шүү дээ. Хурлын танхимд ороход найруулагч зохиолчид, бусад зураачид, найрал хөгжимийн хамт олон, тайзны арын ажилчид гээд олон хүмүүс цугларсан байлаа. Залуу чихэвчээ аваад өөрт нь суудал авсан байсан найруулагч найзынхаа хажууд очиж суулаа. Яагаад ийм олон хүн цугларсан талаар тэр найзаасаа асуухад

– Харин гайхаад л сууж байна. Театрын дарга өөрөө энэ хурлыг удирдаж явуулна гэсэн. Жүжгийн хуваарилалт хийх гэж байгаа юм уу гэхээр бүжигчид байхгүй байх юм.

Чанүг толгой дохин кофеноосоо балгаад цүнхнээсээ зургийн дэвтэр харандаагаа гаргаж ирээд зурж гүйцээгүй зургаа үргэлжлүүлэн зурлаа. Төд удалгүй хаалгаар театрын дарга гэх буурал толгойтой эр орж ирээд хурлаа эхлүүллээ.  

– За бүгдэд нь өглөөний мэнд. Өнөөдөр яагаад та бүхнийг энд цугларахыг хүссэн бэ гэхээр … сарын өмнө Солонгос улсын бүжгэн жүжгийн театрын багийнхан аялан тоглолтынхоо эцсийн зогсоолыг манай хотод хийхээр удахгүй ирнэ гэдгийг хэлснийг санаж байгаа байх. Тэгвэл тэдгээр авъяаслаг хамт олон өчигдөр Лондон хотод бууж романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэгт яахын аргагүй тооцогдох Францын алдарт хөгжмийн зохиолч Адолф Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт бүжгэн жүжгийг манай театрын тайзнаа 10 жилийн дараа дахин амилуулахаар болжээ. Бусад олон театрууд дундаас манай театрыг сонгосон нь ихэд нэр төрийн хэрэг бөгөөд үүнийг дагаад бидний хариуцлага нэмэгдэж байна.

Хурал өндөрлөж хүн болгон Чанүгт уг жүжгийн зураачаар ажиллах болсонд баяр хүргэж байлаа. Тэр саяхан тоглогдож дууссан “Араатны хаан арслан” хүүхдийн жүжгийн зураачаар аль хэдийн сонгогдсон тул удахгүй тоглогдох гэж буй энэхүү жүжгийн зураачаар өөрийгөө сонгогдохгүй гэдэгт бат итгэлтэй сууж байсан билээ. Залуу баярлаж байсан ч нуруун дээрх хүнд ачаа нь буув уу үгүй юу дараачийн ачаа ийм хурдан ирсэнд бага зэрэг цөхөрч байв. Гэсэн ч нэг мэдэхэд л гартаа жүжгийн зохиолыг барьчихсан уншаад сууж байгаа залууг ажвал тэр цөхрөлт тийм удаан үргэлжилсэнгүй. Театрын зүгээс тоглолтоор ирсэн бүжигчдийг хүлээн авч тэр өдрийн орой нь Kensington гудамжны дагуу байрлах “Royal Garden” зочид буудлын хүлээн авах танхимд  үдэшлэг зохион байгуулахаар болжээ. Цухал төрүүлэм замын түгжрээнд залуу байн байн цагаа харж суудлын араас өндөлзөн явлаа. Уг нь гудамж хэртээ яваад хүрэх газарт энд ингээд таг зогсчих гэж хэмээн бодон агаар амьсгалахаар цонхоо онгойлгосон ч дулааны улирлын бүгчим агаар, дээр нь нэмээд үдэшлэгт зориулан өмссөн хослол нь тэрний цухлыг бүр ч ихээр төрүүлж байв. Энэ үед тэр гэрийнхээ хөргөгчинд байгаа цэв хүйтэн шар айрагны  талаар бодлоо. Цаг болохоо байхын алдад тэр алхахаар шийдэн таксины жолоочид цайны мөнгөтэй хамт унааны хөлсөө өгөөд буулаа. Зочид буудлын эргэдэг хаалгаар ороход үүдний ажилтан тэрэнтэй уриалгахнаар мэндэлж хүлээн авалт болж буй газрыг зааж өглөө. Хоёрдугаар давхарын уран зургууд өлгөсөн хонгилоор явж байхдаа тэр сонгодог хөгжмийн аялгууг сонсоод аяндаа хүлээн авалт болж буй танхимыг олон явж орлоо.  Тааз тулан байрласан гантиг чулуун баганууд, гоёмсог гэрлэн бүрхүүл гэх мэт бүх зүйл нь ХХ зууныг санагдуулам тансаг байв. Мөнгөн хүрээтэй өндөр цонхнуудын урдуур татсан улаан торгон хөшигний цаана чулуун шат хоёр талаар доош зурайж цэцэрлэгт хүрээлэнрүү хөтөлсөн байлаа. Чанүг арван жил Англи улсад амьдрахдаа ийм газарт анх удаа л ирж байгаа нь энэ. Энд тэнд хүмүүс хоорондоо ярилцах нь ярилцаж, бүжиглэх нь бүжиглэцгээж дор бүрнээ л цагийг зугаатай өнгөрүүлж байгаа мэт харагдлаа. Чанүг олон төрлийн уух зүйл дундаас өөртөө оргилуун дарсыг сонгож аван өөрөөс нь бусдыг хөглөх хүмүүсийг ажиглаад зогсож байтал театрын дарга зүс үл таних ази төрхтэй ахимаг насны эмэгтэйтэй өөрийг нь чиглэн ирж байгааг анзаарлаа. Залуу эелдэг байхаа мартсангүй нүүрэндээ инээмсэглэл тодруулаад тэдний энэ оройн мэндийг мэдэв.

– Jason, танилц. Солонгос улсын бүжгэн жүжгийн театрын дарга Чуэ Рювол.

– Нэр төрийн хэрэг хатагтай. Театрынхантайгаа дэлхийг тойрох үгээр илэрхийлэхийн аргагүй байсан болов уу?

– Өө үгүй дээ. Цаг болгон би тэдэнтэй хамт байсан гэвэл худал үг болно. Гараагаа амжилттай эхэлсэн юм чинь бариагаа адил байлгах хэрэгтэй шүү дээ. 

– Тийм шүү! гэж театрын дарга хөхрөн инээв. 

– Jason, нутагтаа ирж ажиллах бодол байна уу?

Чанүг хариу хэлэлгүй инээмсэглэхэд театрын дарга хөмсгөө өргөн гайхсан дүр үзүүлж

– Хаана Солонгост уу? Хатагтай та юу ярина вэ? Чанүг бол манай театрт гоц санаа, өвөрмөц шийдлээрээ их амжилтыг авчирдаг хүн. Та энэ талаар зүүдлээд ч хэрэггүй болов уу.

– Харамсалтай байна.

– Ингэхэд манай Жизель болох бүсгүй хаана байна? Танилцмаар байх юм.

– Гол дүрүүд үргэлж л хоцорч ирдэг биш гэж үү?

Тэр хатагтай хундага дарс барьсан гараараа үүдээр орж ирэх гүн улаан өнгийн гоёмсог даашинз өмссөн бүсгүйрүү заалаа. Театрын даргаа анзаарсан залуу хатагтай амьсгаагаа дараад тэднийг зүглэн очлоо. Залуугийн харц бүсгүйг орж ирсэн мөчөөс нь л эхлээд дагуулж харсаар нэг мэдэхнээ өмнөө авчирсан байлаа. Бүсгүйн гадна төрх хийгээд энэ дундаас зүүлтнээсээ ч илүү тод гэрэлтэх нүд нь залууд нэг л танил санагдаж байсан ч яг тэр гээд өгөх нэр толгойд нь орж ирсэнгүй. Хармагцаа шууд тэврээд авмаар тийм мэдрэмж төрсөн ч тэдний хооронд нэгэн үл үзэгдэх хана байгаа аятай нэгэнрүүгээ тэмүүлэх тун хэцүү байлаа. Дэргэд нь зогсох тэдний яриа залуугийн чихний хажуугаар өнгөрч гагцхүү эгэл түүний нэрийг санах гэж цаг хугацааг ухрааж байв. Бүсгүй ч мөн адил ямар ч өгүүлэлгүй харцтай тулгарах тоолондоо залуутай адил байдалд орж байлаа. Бүсгүй хоолойгоо засан залуутай танилцахаар гараа сунгасан ч ямар ч авиа түүний хоолойг давж гарч чадахгүй байлаа. Залуу бүсгүйн гарыг зөөлхөн атгаад нэрээ хэлсэн байлаа ч тэрэнд энэ чухал биш байв. Жигтэй энэ мэдрэмжнээс салахын тулд Чанүг тэднээс өршөөл эрэн холдоод тагтаар дамжин доош буун цэцэрлэгт хүрээлэнгээр алхлаа. Эргэн тойрныг сонирхож дуусчихаад тэр усан оргилуурын дэргэдэх сандал дээр очив. Залуу уруулаа хүргээгүй оргилуун дарсаа гартаа барин үдшийн тэнгэр өөд ширтэж суув. Тэгээд нэг ч одны гялбаагүй тэнгэрт урам хугаран хундагаруугаа харлаа. Ор сураггүй алга болсон тэнгэрийн одод оргилуун дарсан дотор ороод нуугдчихаа юу даа хэмээн залуу бодов. Тийм бол тэдний тоглоомонд саад хийгээд юу гэхэв гээд хүндээр санаа алдан хундагаа хажуудаа тавьлаа. Түмний дундаас холдсондоо залуу талархан амьсгааг нь боох мэт эрвээхий зангиагаа тайлан халааслаад, цамцныхаа эхний хоёр товчийг тайлаад бүлээн салхийг мэдэрлээ. Чанүг тэр нэгэн аязыг дотроо төсөөлөн сонсож хэмнэл бүрт нь хөлөөрөө газар товшин суухдаа чихэвчээ орхиж ирсэндээ харамслаа. Ийн суухад тэрний бодолд өөрийн эрхгүй энхрий төрх ялдам инээмсэглэлтэй өнөөх бүсгүй тодрон байв. Бүсгүйн нэр залуугийн тэрүүхэн тэнд цээжинд нь байгаа хэдий ч олон жил өнгөрсөн учраас тоосонд дарагдсан мэт бүх зүйл саарал байлаа. Залуу толгойд нь эргэх олон бодлуудаас салах гэж хичээн хөмсгөө зангидан толгойгоо сэгсэрлээ. Тэгээд усны оргилох чимээг сонсоод бодлоо усан оргилуурын өвөрмөц хийц шийдэлрүү хандуулав. Тэрний эсрэг талын суудлаас усны цүл хийх чимээ нэг бус удаа гарсанд Чанүг сонирхон хажуу тийш суугаад харвал өнөөх бүсгүй усан оргилуурлуу зоос шидээд сууж байлаа.  Зоосоо гартаа атгаад урууландаа ойртуулан хүслээ шивнээд тэгээд л шидэж орхино. Эцэст нь  тэр хичнээн эрэвч хэтэвчнээсээ дахин нэг ч зоос олж чадалгүйгээр хүслийн жагсаалтаа зогсоолоо. Бүсгүйн гунигтай царайг хараад Чанүг << Задгай мөнгө хэрэгтэй юу? >> гээд асуучихав. Бүсгүй дуу гарсан зүгрүү хараад залуутай дахин тааралдсандаа самгардлаа. Хэдий өөрөөс нь төдий хол усан оргилуурын ард сууж байгаа ч тэрний харц нь юуг ч нэвтлэн яг дэргэд нь байгаа юм шиг л төөнөж байгаа нь бүсгүйд мэдрэгдэж байлаа.

– Хүсэх хүсэл ахиад байгаа юм шиг харагдсан. гэж залуу намуухан дуугаар хэлээд халааснаасаа хэдэн зоос гаргаж ирлээ.

– Хүсэх хүсэлдээ биш тэр биелэх хүслийг дэргэдээ үүрд байлгахын тулд л ингэж олон удаа зоос шидсэн юм шүү дээ.

Залуу инээмсэглэн зоосоо шидэв. Нэг хүслийг шингээсэн зооснууд хэзээ нэг өдөр биелэх учиртай биз.

– Тэд нэг л өдөр биелэнэ гэдэгт чи итгэдэг үү?

– Үргэлжид.

Залуу ингэж хэлээд гартаа байсан цөөхөн хэдэн зоосоо сандал дээр орхин бослоо. Тэр явахаасаа өмнө бүсгүйрүү харвал тэр өөрийг нь ширтэн сууж байлаа. Тэд нэг нэгнээ танина. Гэхдээ олон жилийн өмнө. Одоо ингээд танихгүй хүмүүс мэт жүжиглэх нь тэдэнд тун ч хэцүү байлаа. Чанүг аядуу инээмсэглэн зөөлөн мэхийгээд тэндээс холдлоо. Чанүгийг усан оргилуураас хараахан холдож амжаагүй байхад нь бүсгүй тэрний араас нэрийг нь дуудлаа.

– Жи Чанүг?

Энд амьдрах хугацаандаа тэр хэнд ч жинхэнэ нэрээ хэлж байгаагүй атал өөрийн солонгос нэрээ сонсоод гайхан зогслоо. Бүсгүй тэрнийг эргэж харахаас өмнө

– Чанүг мөн биздээ? Намайг санахгүй байна гэж үү? Би Ёрим байна. Квон Ёрим.

Залууд түүний нэр сэтгэлийн гүнд нь байдаг цоожтой хаалганы түлхүүр шиг санагдаж аажуухан эргэж харлаа. Алсад одсон тэр нэр энэ байж. Ёрим. Ямар ч өнгөгүй залуугийн ертөнцөд хөл тавин хүссэнээрээ бүгдийг өөрийн өнгөөр будаж баяр баясал, инээд хөөр, аз жаргал гээд амьдралын хамгийн нандин мэдрэмжүүдийг солонго татуулан мэдрүүлсэн тэр хүн. Яг л зун шиг. Юу юунаас ч илүү солонго шиг.

Маргааш нь Чанүг ажлын өрөөндөө зохиолоо уншиж дуусаад шаардлагатай гэх хэдэн зүйлсийг тэмдэглэж аваад төлөвлөгөөгөө гаргалаа. Дэвтэр дээрээ Жизель гэж бичих төдийд Ёрим тэрний бодлын хаалгыг тогшлоо. Арав гаруй жилийн өмнө харамсалтайгаар салсан тэдний хувьд өчигдрийн уулзалт хэн хэндээ хэцүү байсан ч дахин нэгнийхээ царайг харсанд тун ч ихээр баярлаж байлаа. Жүжиг тавигдах тайзруу очихоор явахдаа Чанүг өчигдрийн бүхэн зүүд байсан бол яана эсвэл цаг хугацаа өчигдрийг алгасчихсан бол яана гэж бодон дотроо гуниглаллаа. Танхимын хаалгаар ороход бүжигчид жүжгийн бэлтгэлээ аль хэдийн хийж эхэлсэн байлаа. Тэр дунд хавийн эгнээний нэгэн суудалд чимээгүй очиж суугаад бүжигчидийг хэрхэн жүжигтээ бэлдэж байхыг анхааран харлаа. Удалгүй танхимын хаалга ахин нээгдэж Ёрим чухал царайлан орж ирэхийг нь Чанүг хараад ажилдаа төвлөрсөн байдал нь салхинд туугдан алга болов. Ёрим хоцорсондоо багийнхнаасаа уучлал гуйн тайзруу гарахдаа хоосон суудлуудын дунд суух Чанүгийг олж хараад инээмсэглэн гараа далаллаа. Түүний энэ үйлдэл залууг бага зэргийн жингүйдэлд оруулаад амжив. Тэр хариу болгон нэг л эв муутай гараа хөдөлгөчихөөд бушуухан чихэвчээ зүүлээ. Ёрим залуугийн энэ байдлыг нь шоолон дороо чимээгүй инээчихээд ажилдаа орлоо. Өчигдөр шөнөжингөө ярьж суусан тэдний яриа бас тэр мэдрэмж худал байгаагүйд Чанүг баярлаж суулаа. Бэлтгэл тарах цаг болоход Ёрим-с бусад бүжигчид бүгд явцгаалаа. Харин Ёрим ганцаар бэлтгэлээ хийн өлмий дээрээ зогсон гоо төгөлдөрийг бүжлээ. Тэр завсарлага аван ус ууж зогсохдоо Чанүгийн түрүүн сууж байсан суудалруу нь харлаа. Тэр байсангүй. Цаг ийм орой болсон байхад тэр юу гэж энд байх байхав дээ хэмээн бүсгүй бодоод дээш бельтажруу харвал тэнд Чанүг яг түүнийг хараад зогсож байлаа. Ёрим бүжиглэх зуураа тэрний байсан газарлуу харвал тэр бас л байсангүй. Одоо явчихсан байх хэмээн бүсгүй бодоод өөрийн дураараа нисэн халих шувуу мэт дүрдээ орон бүжиглэллээ. Хөл нь бага зэрэг өвдөхөд тэр өнөөдрийн бэлтгэлийг хангалттай гэж үзээд явахдаа бэлдлээ. Дээш шуусан байсан үсээ задгай тавиад урагш хартал Чанүг хамгийн урд талын эгнээнд чихэвчээ зүүчихсэн зургийн дэвтэр дээр ямар нэгэн юм зураад сууж байлаа. Ёрим тайзнаас буун сэмээрхэн тэрний хажууд очиж суусан ч залуу ажилдаа хэт төвлөрсөн тул бүсгүйг анзаарсангүй. Бодолд нь цэцэглэж байсан ая тасарч Ёрим-н &#8221; Юу сонсож байгаа юм? &#8221; гэх асуулт орж ирлээ. Чанүг гайхан хажуу тийш харвал Ёрим тэрний нэг талын чихэвчийг нь зүүчихсэн хажууд нь сууж байлаа. Сандалны тохойвч дээр тохойлдон шанаагаа тулаад өөрлүү нь харан суугаа тэр бүсгүй хэзээд л ийм сэтгэл татам байсан. Арван жилийн өмнө ч яг л үүн шигээ төгөлдөр дөлгөөн байсан. Одоо ч яг л хэвээрээ магадгүй бүр илүү болж хэмээн залуу бодов. Ёрим

– Дандаа л чихэвч зүүчихсэн сууж байх юм.

– Ажилдаа төвлөрөхөд тусалдаг юм.

– Гэхдээ чи түрүүнээс хойш энд тэнд яваад байсан уу?

– Анзаарсан хэрэг үү?

– Яагаад?

– Хүмүүс аль ч суудалд суусан бай тайз яг л нэг зүгээс харж буй мэт байх ёстой учраас тэр.

– Чамайг энэ тайзыг амилуулна гэдэгт итгэж байнаа.

– Амьлуулах хүн нь чи шүү дээ, Жизель.

Чанүг энэ өгүүлбэрээ хэлэхдээ Ёрим-н нүдрүү харж байгаад хэллээ. Жизель-г хэлсэн үү эсвэл өөрийг нь хэлээд байна уу тэрний энэ учир битүүлэг өгүүлбэр Ёрим-г догдлуулав. Залуугийн харцанд бүсгүйн зүрх хүчтэй цохилж хацар дээр нь үүний илрэл болгон ягаан туяа татлаа.

– Энэ ямар ая вэ? Урд хожид огт сонсож байгаагүй ая байх чинь.

– Манай найзын зохиосон ая байгаа юм. Таалагдаж байна уу?

Бүсгүйг толгойг дохиход Чанүг нөгөө талын чихэвчээ аван түүнд зүүлгээд аяаа эхнээс нь тавьлаа. &#8221; Эхнээс нь сонсоод үз &#8221; Ёрим тайзруу харан бодолдоо өөрийгөө энэ аяанд бүжиж байна гэж төсөөлөн инээмсэглэллээ. Залуу харин түүний нүд нь хэрхэн гялалзаж байсныг хараад төсөөллийг нь таасан мэт түүнрүү тийм гэхийн аргагүй нандигнасан харцаар ширтэж суулаа. Ёрим ая дуусахад чихэвчээ аван Чанүгрүү харан нүдээрээ инээлээ.

– Гайхалтай юмаа. Энэ аяыг амьдаар нь сонсох юмсан. Тэгээд бүр зохиолч нь өөрөө тогловол бүр сайхансан. Үнэхээр тийм аз тохиовол тэр хүн тэрхэн мөчид юу мэдэрч байсан бол. Бидэнд юу хэлэхийг хүссэн бол гэдгийг ойлгож чадна шүүдээ.

– Усан оргилуур чиний хүслийг сонсох байх.

– Даажигнахаа боль Чанүг.

Аль аль талийнхан хэд хоног нойроо хасан ажилласны эцэст жүжгийн нээлт амжилттай болж зургаадугаар сар гарлаа. Бас нэгэн халуун нижигнэсэн алга ташилтаар өндөрлөсөн жүжгийн орой бүжигчид баяраа тэмдэглэхээр явахад Ёрим араас чинь яваад очъё гэсэн шалтагаар тэднийг түрүүлээд явууллаа. Үнэндээ тэр бусадтайгаа цэнгэж наргихыг хүссэнгүй,  ямар ч шалтгаангүй сэтгэлийг нь гуниглуулсан уйтай энэ үдшийг алхаж өнгөрүүлэхээр шийдлээ. Ёрим гараа далласаар ганцаар хоцрон зогсохыг түрүүнээс хойш ажиглан зогсож байсан Чанүг түүн дээр очоод нэрээр нь дуудлаа.

– Ёрим

– Чанүг? Чи энд юу хийж байгаа юм?

– Чамайг хүлээж байлаа гээд залуу гартаа барьсан цэцгийн баглаагаа бүсгүйд өглөө.

Ёрим цэцгийн баглааг талархан авмагц тэд хоёул гудамжаар тайван алхлаа. Чанүг түүнд үдшийн хотыг танилцуулан явсаар найзынхаа “Book cafe”-д ирсэн байлаа. Каферүү ороход л кофены таатай үнэр сэнхийж доторх интерьер засал нь бүсгүйг алмайруулж орхилоо. Чанүг текний ард зогсох залуутай дотно мэндчилээд тэрнийг Ёримтой танилцууллаа. Гэрэлтсэн бор өнгийн нүдтэй сайхан инээмсэглэсэн залуу өөрийгөө Канжун гэж танилцуулав. Тэгээд тэр хоёр хүнгүй булангийн ширээнд очиж суулаа. Тэдний захиалсан американо, мока, шоколадтай кроссант удалгүй хүрч ирлээ. Кофеноосоо амссан Ёримийн нүд нь сэргэн дороо баярлаад амжлаа. Чанүг түүнийг харан том жижиг хамаагүй амьдралын агшин бүрээс аз жаргалыг мэдэрч чаддаг энэ зан чанарыг нь дотроо дахин дахин хайрласаар байлаа.

– Тэгэхээр надад яриач, Ёрим.

– Юуг?

– Чи арван жилд байхдаа л бүжигчин болно гэж ярьдаг байсан болохоор угаасаа хэзээ нэгэн цагт чамайг амжилттай бүжигчин болно гэдэгт чинь итгэдэг байсан…Тэгэж явснаасаа хойш хэрхэн амьдарч байв гээд л …

– Шилжиж явснаасаа хойш өөр хотын амьдралын хэмнэлд нэг л дасаж өгөхгүй байсан. Тэгээд үүнийг минь анзаарсан эцэг эх хоёр маань намайг гадаадруу хүссэн бүжгийн сургуульд минь явуулсан. Тэнд суралцаж байхад надад Juliette-с урилга ирж тэндээ амжилттай суралцаад энэ театртаа орсон доо.

– Ядаж чи явахдаа надад хэлээд хаягаа үлдээсэн бол би чамруу өдөр болгон захиа бичих байлаа.

– Бүгд өнгөрсөн зүйл шүү дээ, Чанүг.

Чанүг тэртээх олон жилийн өмнө түүнийг шилжин явсан өдрийг нэхэн дурслаа. Тэр үеийн гуниг одоо тэрний цээжинд хурч өмнөө байгаа түүнийг тэвэрч аваад хичнээн их санаснаа хэлэхийг маш ихээр хүсэж байлаа.

-Чи харин яажшуухан амьдарч байсан бэ? гэж Ёрим асуув.

– Бусдын л адил. Арван жилээ төгсөөд шалгалт өгч хүссэн их дээд сургуульдаа орж энэ мэргэжлээ эзэмшиж аван төгсөөд, энд ирэн дахин сурсан. Сурахынхаа хажуугаар эндхийн олон театруудаар дагалдан хийж явсаар эцэст нь төгсөж энэ театрдаа ажилаар орсон. Онц гойд юмгүй байгаа биз. Чамайг явснаас хойш миний амьдрал бусад хүмүүсийн л адил саарал болсон.

– Яагаад нутагтаа ажиллаагүй юм?

– Тэнд надад хоргодох зүйл байгаагүй.

Тэд нэгэнт болоод өнгөрсөн үеийн талаар дурсацгаан дурсамжийнхаа замаар алхаж явлаа. Үүргэвч нь мөрнөөс нь дахин дахин мултарч унаад байсныг анзаарсан Чанүг түүний үүргэвчийг аван өөрөө үүрээд алхлаа. Ёримд энэ нь тэдний хуучин байдлыг санагдуулав. Тэр хаана ч явсан өөрийнх нь цүнхийг үүрч явдаг байж билээ. Хэдий тэд одоо хоёул нас биенд хүрсэн том хүмүүс болсон ч сэтгэлийн мухартаа аль аль нь өнгөрснөө санагалзаж байлаа. Ёрим санаа алдан

– Хэвээрээ байнаа Чанүг. Яг хэвээрээ байна.

– Юу тэр?

– Би. Чи.

– Биднийг тойрон хүрээлж байсан орон зай, цаг хугацаа л өөрчлөгдсөн үү гэхээс би чиний мэдэх тэр Чанүг яг хэвээрээ байгаа Ёрим.

Тэр энэ өгүүлбэрээрээ ямар нэгэн юм хэлэх гээд байгаа юм шиг бүсгүйрүү харж байлаа. Нэг мэдэхнээ түүний буудаллаж буй газрын өмнө ирсэн байлаа. Чанүг түүнд үүргэвчийг нь өгөөд сайхан амрахыг хүслээ. Ёрим харин тэрэнд цагийг хамт өнгөрүүлсэнд нь талархав. Чанүг гараа халаасандаа хийн инээмсэглээд

– Маргааш надад зав гаргаж чадах болов уу Жизель хатагтай.

– Маргааш Жизель тун ч их завгүй.

Чанүг урам нь хугарсан байртай толгой дохин эргэж хараад явах гэтэл Ёрим тэрний хүрэмнээс татаад &#8221; Гэхдээ маргааш Ёрим завтай шүү дээ &#8221; гэлээ. Чанүг түүний гарнаас атгаад &#8221; Тэгвэл маргааш жүжиг тараад гадаа хүлээж байя &#8221;  гэв.

Маргааш нь жүжиг тарахад Ёрим яаран олны дундаас гарч явлаа. Өчигдрийг тэр өөртөө зурвасхан болзоо гэж итгүүлээд өнөөдрийг мөн болзоо гэж бодон замдаа үсээ янзлан уруулаа өнгөлөөд цонхны тусгалд өөрийгөө зэрвэсхэн хараад театраас гарлаа. Чанүг түүнийг театрын дэргэд байдаг том агч модны дор хүлээгээд сууж байлаа.

– Өнөөдөр чи бас л үзэсгэлэнтэй байлаа.

Ёрим ичингүйрэн инээмсэглээд хаашаа явах талаараа асуулаа. Хариуд нь залуу &#8221; Усан оргилуур дундах нэг хүслийг чинь биелүүлж өгье &#8221; хэмээгээд түүнийг дагуулан замдаа гарлаа. Тэд замдаа нөгөө каферуугаа орон уух зүйл аваад тэндээс хэдэн гудамжны цаана байрлах &#8221; Гэгээн Маргарет&#8221;-н сүмийн гадаа ирлээ. Ёрим Чанүгийг яг яах гэж ийшээ дагуулж ирснийг нь ойлгосонгүй. Сүм дотроос төгөлдөр хуурын ая эгшиглэх бөгөөд хаалгыг нээхэд улам бүр тод сонсогдов. Тэд сүмийн хамгийн арын сандал дээр зэрэгцэн суугаад хөгжмийн орчинд чимээгүйхэн автлаа. Төгөлдөр хуурч эхлээд сарны сонат, дараа нь нойрсож буй гүнж, цөмөөхэй, амьтдын карнивал, бяцхан гурван тоорой гээд тун ч хөгжилтэй аянуудыг урсган тоглов. Танил дотно бага насных нь дурсамж эргээд ирсэн мэт л санагдаж танхимд цугласан хүүхдүүдийн адилаар түүний ч сэтгэл хөөрч догдолж байлаа. Цоглог хөгжим найр дуусч хөгжимчин эцсийн аяаа тоглоход бүгд л дуугаа хураав. Ёрим итгэж ядсандаа Чанүг руу гайхсан нүдээр харахад тэр хариуд нь хөнгөхөн толгой дохиод инээмсэглэлээ. Нот бүр нь гунигтай сонсогдов. Өмнө нь сонсоход ийм их шаналал мэдрээгүй шүү дээ.  Магадгүй төгөлдөр хуурч өнөөдөр урьд өмнөхөөсөө илүү их гунигтай байгаа бололтой.  Ёрим тэсэлгүй сүмээс гарч явлаа. Гайхсан Чанүг түүний араас даган гарахад бүсгүй шатны дэргэд уртаар амьсгалан зогсож байв.

– Яасан бэ Ёрим?

– Өмнөх асуултынхаа хариуг олж чадаагүй байхад л дараагийн асуултууд ар араасаа цуварч гарч ирээд байх юм. Тэртээ тэргүй одоо ийм байгаа нь надад хангалттай гунигтай байхад яагаад …

Бүсгүй үгээ гүйцээлгүй залууруу эргэж харав. Хоолойны өнгөнөөс нь л түүнд хэцүү байгааг нь ойлгосон залуу бүсгүйрүү ойртон очоод энгэртээ тэвэрлээ. Үргэлж санадаг байсан хүнийхээ тэврэлтэнд ингээд зогсож байгаа нь тэдний хэн хэндээ жаргалан байлаа.

Жазз хөгжмийн хэмнэлээр хөглөгдсөн нэгэн тохилог газар тэд гурав дах болзоогоо хийлээ. Олон жил хоёр өөр газарт ганц ганцаар өнгөрүүлсэн мөчүүдээ тэд түр мартаад зөвхөн өнөөдөрт дурлахаар шийджээ. Тэд уулзсан мөчөөсөө эхлээд л инээмсэглэл гэх аз жаргалын муруйг нүүрнээсээ авч чадахгүй тийм их баяр хөөртэй байлаа. Нэгнээсээ хором ч харцаа салгасангүй. Олон түмэн бүжиглэхийг хараад Чанүг түүнтэй хамт бүжиглэхийг юу юунаас илүү хүсэн бүсгүйг бүжгэнд урьлаа. Ёрим татгалзах юун гээд залууд гараа өгөн бүжгийн талбайруу гарцгаав. Ямар нэгэн тогтсон хэмжээнд баригддаггүй өөрийн өнгө аясыг дэндүү тод илэрхийлдэг жазз хөгжмийн аяан дээр тэд хүссэнээрээ өөд өөдөөсөө харцгаан бүжиглэллээ. Ёримийг инээх тоолонд Чанүгийн зүрхэнд тэр тоогоор солонго татаж байлаа. Удаан хэмнэлтэй уянгын ая явж эхэлмэгц тэд хоёул зогсон нэг нэгэнрүүгээ яг яахаа мэдэхгүй байдлаар харцгаасан ч Чанүг түрүүлж алхам хийн бүсгүйн гарнаас атган өөртөө ойртуулаад бэлхүүсээр нь тэвэрлээ. Ёрим ч биеэ барилгүй тэрний мөрөөр хоёр гараа давуулан тэврээд тэрэнрүү ойртов. Залуу түүний үсэнд нүүрээ наахад зуны үнэрийг мэдрэх шиг боллоо. Бүсгүй залуутай анх дахин уулзахдаа тэрний харцанд дальдчин догдолдог байсан бол одоо түүний хувьд Чанүгийн харц юунаас ч илүү тайвшралыг өгдөг болжээ.  Ёрим 

– Чанүг, чамаас асуух зүйл байна?

Залуу түүний духанд духаа наан &#8221; Үүний дараа асууж болохгүй юу? &#8221; гэлээ. Тэгээд бүсгүйн уруулруу ойртон зөөлөн үнсэлтийг үлдээлээ. Ёримийг толгой дохиход Чанүг инээмсэглэн түүнрүү хараад тэврэлтээ улам чангаруулаад дахин түүнийг үнсэв. Хэдий энэ тэдний анхны үнсэлт биш ч бүсгүйд бие нь бүхэлдээ чичрих шиг, зүрх нь галт уул мэт дэлбэрэхийг,  гэдсээр нь өнгө өнгийн эрвээхий нисэлдэх мэт мэдрэмж төрж байлаа. Ёрим нүдээ анин хайртай тэрэндээ уруулаа өгөн үгээр илэрхийлэхийн аргагүй тэр мэдрэмжийг хамтдаа мэдрэв. Хувь заяа ганцхан тэдэнд л зориулж цаг хугацааг удаашруулан бэлэг барьж байв. Тэд арван жил, хорин жил, гучин жил гээд хичнээн олон жил, зууныг туулсан ч тэдний хайр, нэгнээ гэсэн сэтгэл үүрд мөнх үргэлжилэх нь үнэн билээ. Чанүг Ёримийг буудалд нь хүргэж өгөх зам зуураа бүсгүйгээс түрүүн юу асуух гэж байсан талаар нь асуулаа.

– Чи түрүүн нэг юм асууя гэсэн. Юу байсан юм?

Аялан тоглолтын хугацаа удахгүй дуусна гэдгийг тэр хоёр хоёулаа л мэдэж байгаа. Гэвч хэнд нь ч үүний талаар ярих зүрх зориг байсангүй. Бүсгүй хоолойгоо засаад цаг үргэлж бодолд нь байдаг тэр асуултаа Чанүгт тавьлаа.

– Чи надтай хамт солонгосруу явах уу?  

Гарыг нь хөтөлж байсан тэрний гар сулран нүүрэн дэх инээмсэглэл нь ариллаа. Тэгээд тийм гэхийн аргагүй зовлонт харцаар бүсгүйрүү харлаа. Залууг хариу хэлэхгүй байсанд бүсгүй

– Ядаж энэ талаар нэг бодоод үзээч.

– Надад бодох шаардлага байхгүй ээ Ёрим. Би хамт явж чадахгүй.

Асуултынх нь хариу ийм хурдан ирсэнд Ёрим бага зэрэг сэтгэл гонсойлоо. Гэсэн ч тэд нэг нэгэндээ балчир хүүхдүүд шиг тунирхаж гомдсонгүй. Угаас тэдэнд маш богино хугацаа үлдсэн байхад тэр хугацааг хэрэггүй зүйлд үрэхийг хүссэнгүй. Одоо бол секунд хором мөч бүхэн дэндүү үнэ цэнэтэй байлаа. Үдэш болгоны гайхалтай болзоог битгий дуусаасай хэмээн боддог ч нэг л мэдэхэд Чанүг бүсгүйг хүргэж өгснөөр нэгэн өнөөдөр өндөрлөдөг байлаа. Хос хоёр маргаашаас илүү өчигдрийг мөрөөддөг. Тэд хэзээ нэг өдөр төгсгөл ирнэ гэдгийг мэддэг ч хагацах өдөр ойртох тусам тэд нэгнээсээ салмааргүй холдон одмооргүй байв. Тэд нэг нэгэндээ хайртай. Үүрд нэгнээ санан дурсаж хайрласаар ч байх болно… Гэвч зарим хайр нэг газраа удаан цогцолдоггүй бололтой.

&#8221; Жизель &#8221; Лондон хотноо амжилттай тавигдаж дууслаа. Нүд аниад өнгөрөх зуурт бүжгийн багийнхний эцсийн зогсоолийнх нь сүүлийн өдөр хэдийн ирчихсэн байлаа. Палладиум театрыхан тэднийг халуун дотноор хүлээн авсан шигээ найрсагаар үдэж өгөв. Ёрим Чанүг хоёр театрын дарга найруулагчид бусад багийхантайгаа хамт үдэшлэгт явсангүй. Нэгэнт Чанүг тэрнийг гаргаж өгч чадахгүй тул салах ёсоо хоёулахнаа хийхээр шийдэв. Тайзны хамгийн арын эгнээнд Ёрим Чанүгийн мөрийг дэрлэн сууна. Тэдний хэн нь  ч юу ч дуугарахгүй. Юунаас эхлэхээ чухам юу ярихаа ч мэдэхгүй. Салж ядах сэтгэл дотор нь шатаж, чарлаж, зовоож байсан ч тэд тэвчин суув. Ингээд л дуусах учрал байсан нь харамсалтай. Чанүг бүсгүйн гарыг чанга атгаад түүний нэрийг аяархан дуудав. Ёрим түүний нүд рүү харж зүрхэлсэнгүй, улам бүр түүнд шигдэн эргэх дэлхий биднийг ингээд л үлдээчихээсэй гэж хүслээ. Чанүг дахин түүний нэрийг дуудав. Хэнд ч сонсогдохгүй зөвхөн өөртөө л шивнэнэ. Ёрим дотроо хүснэ цаг хугацаа биднийг орхиж, он цаг урсан өнгөрөөсэй. Энэ хорвоо мартчихаасай, маргааш битгий болоосой. Үүрд өнөөдөр үргэлжилээсэй. Залуу бүсгүйн үсэн дээр зөөлхөн үнсээд &#8221; Баяртай Ёрим &#8221; гэж хэлээд түүнийг орхин явлаа. 

Сүүлийн цэгээ тавихад надад тэр залуугийн шаналал мэдрэгдлээ. Аяган дах кофе аль хэдийн хөрж би түүнээс нэг балгаад ширээн дээр гаргаж ирсэн зүйлсээ цүнхэндээ буцааж хийгээд өөр зөөгчид тооцоогоо хийлээ. Канжун найзтайгаа ярилцан аль болох тэрнийг тайвшруулахыг хичээн зогсож байлаа. Тэр надруу харан намайг явах гэж байгааг ойлгосон бололтой толгойгоо дохьлоо. Би өөдөөс нь хариу мэхийгээд шүхрээ барин хаалгаар гарах гэтэл модон хаалга надаас урьтан онгойж нэгэн бүсгүй орж ирлээ. Тэр бүсгүйтэй харц тулгарахад харц нь яг л солонго шиг гэрэлтэж байлаа. Нэг гартаа чемодан нөгөө гартаа онгоцны тийз барьсан байгааг бодвол энэ эмэгтэй Ёрим байх. Би инээмсэглэн шүхрээ барин хаалгаар гарахтай зэрэгцэн уйтгарлан сууж байсан залуугийн түүнийг дуудах нэр сонсогдлоо.

– Ёрим.

To be continued…

4TH YEAR ANNIVERSARY ONESHOT PROJECT

5 thoughts on “СОЛОНГОН БҮРХҮҮЛ

  1. Өдөр болгон намрыг орж уу гэж шалгадаг бүр рэфлесктэй болчихожээ кк. Мундаг шүү та 3 минь :)))

Сэтгэгдэл бичих